Эвлэрүүлэн зуучлалаар ихэвчлэн иргэний эрх зүйн маргаатай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 15:19:23

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд 548 иргэний өргөдөлийг хүлээн авчээ. Ихэвчлэн иргэний эрх зүйн маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2012 онд батлагдаж, 2014 оноос эхлэн орон нутагт хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд иргэд, ААН-ээс  548 өргөдөл хүлээн авсан. Үүний 108 нь гэр бүлийн эрх зүйн маргаан, 440 нь иргэний эрх зүйн маргаантай холбогдох асуудлаар ханджээ. Харин Хөдөлмөрийн  эрх зүйн маргаантай холбоотой өргөдөл ирээгүй байна.

Иргэд хуулийн этгээдийн хооронд түгээмэл байгуулагддаг зээл, худалдах худалдан авах гэрээ гэх мэт бүхий л хэлцлүүд, ажлаас үндэслэлгүй халагдах, гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоох зэрэг хэрэг маргааныг шүүхийн журмаар бус эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх боломжийг олгодог.

Жишээлбэл иргэн Баруун-Урт сумын 3-р багийн иргэн Ц.Чимэдбал иргэний эрх зүйн маргаантай холбоотой асуудлаар эвлэрүүлэн зуучлалд ханджээ. Тэрээр богино хугацаанд өргөдлөө шийдүүлж чаджээ. Мөн тэмдэгтийн хураамж гэж төлөөгүй, түргэн шуурхай үйлчлүүлсэндээ баяртай байна. Эвлэрүүлэн зуучлагч өргөдөл гаргаснаас хойш 30 хоногийн дотор өргөдлийг шийдэх ёстой. Хэрэв шүүхээр шийдвэрлүүлсэн бол цаг хугацаа алдана. Анхан шатны шүүхээр ороход 67 хоног, цааш шат шатны шүүхээр явбал доод тал нь 6 сар болдог байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ