Хонгорчууд Ламын гэгээнтэндээ Бат оршил өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-19 17:46:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Бурхны шашны гурван зулын нэг, Халхад шашин номын их хөлгөнийг бүтээн дэлгэрүүлэгч, гүн ухаан, утга зохиол, зурхай, эмнэхүйн ухааныг шимтэн үндэслэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ой ирэх долдугаар сард тохиож буй. Ойн ажлын хүрээнд Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Ламын Гэгээний Гонгандандэданлин хийд, сүсэгтэн олны хүсэлтээр зургадугаар сарын 16-18-ны өдөр шашин номын томоохон үйл ажиллагааг Баянхонгор хотноо зохион байгууллаа.

Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэн нийт сүсэгтэн олондоо зориулж бүх олноороо амар амгалан, эрүүл жаргалтай, элбэг хангалуун сайн сайхан амьдрахын тухайд айлдах "Мянган мутарт Жанрайсигийн ван" хэмээх их номыг зургадугаар сарын 16,17-ны өдөр айлдсан юм. Мөн үеэр, Баянхонгор аймгийн иргэдийг үеийн үедээ даатгаж явах аймгийн шүтээн бурхдын мэлмийг Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагт нээн аравнайлах ёслолыг хийлээ. Айлдварт бэлтгэл ажлыг эртнээс базааж, хийдийн гадна асар, тайз угсралт, зохион байгуулагч хүүхдүүд зэргээр буян номын бэлтгэлийг сайтар хангасанд Хонгор нутгийн зон олон сэтгэл хангалуун байж, хоёр өдрийн айлдварт давхардсан тоогоор 5000 орчим иргэн даган баясчээ. “Мянган мутарт Жанрайсигийн ван”-г Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Монголд нэг удаа айлдаж байжээ.

Мөн аймгийн Төв Цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 18-нд нас буяныг арвитгах “Насны авшиг”-ийг Ламын гэгээнтэн хонгорчууддаа айлдав. Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Ламын Гэгээний Гонгандандэданлин хийдийн зүгээс мөн үеэр Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагтын өлмий батжихын тухайтад “Бат оршил” буюу “Даншиг” өргөх ёслолыг хийлээ.

"Мянган мутарт Жанрайсигийн ван"-ы тухайд

Монголоор Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч хэмээнэ. Төвдөөр Жэнрэзиг гэх агаад “жэн” гэдэг нь мэлмий, “рэ” гэдэг нь тасралтгүй, “зиг” гэдэг нь харах гэсэн утгыг агуулдаг учраас “Мэлмийгээр болгоогч” хэмээдэг.

Жанрайсиг бурхан нь хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан байдаг тул замбуутивийн амьтан бүрийг нирваанд хүргэхийн тулд дээдийн дээд амгаланд залрахаа хойшлуулсан гэдэг. Бурхан багш ийм тангарагтай бодьсадва нарыг миний нэгэн адил тахиж дээдэл хэмээн сургажээ.

Жанрайсиг бурханд зургаан үлэмж чанар байх агаад тэдгээр нь агуу их нигүүлсэл, агуу их хайр, арслангийн зориг зүрх, хорвоог гийгүүлэгч гэрэл, тэнгэр бурхадын манлай, хаа сайгүй орших увидас болно. Эл зургаан чанар нь там, бирд, адгуус, хүн, асури, тэнгэрийн 6 орны саад тотгорыг арилган сансрын хүрднээс чөлөөлсөн байна. Нэгэн домогт, Жанрайсиг бурхан хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэхээс нааш амсхийхгүй хэмээн тангарагласан тул хэчнээн чармайн зүтгэвч зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр байсаар байжээ. Тэдгээр олон амьтны зовлонг гэтэлгэх гэж, аврал эрсэн амьтан бүрт хүрч туслах гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагдан, хоёр мутар нь хэдэн хэсэг болж салжээ. Амитаба бурхан эл байдлыг үзээд зовлонд энэлэгч олон амьтанд аврал хайрлах мянган мутар хайрлажээ хэмээдэг.

Тийм учраас Жанрайсиг бурхныг “найман аюулаас аврагч”, “дөрвөн аюулаас аврагч” гэх мэтээр нэрлэж найман мутар, дөрвөн мутар зэрэгтэйгээр дүрсэлдэг. Жанрайсиг бурхан нь хүмүүний мэлмийг сайжруулагч бурхан бөгөөд эх болсон зургаан зүйлийн амьтан ямар нь яаж зовж байгааг өөрийн мэлмийгээрээ бүлтийтэл харж байдаг хэмээн ярилцдаг. Жанрайсиг бурхны зүрхэн тарни бол маанийн зургаан үсэг буюу “Ум ма ни бад ми хум” юм.

Жанрайсиг бол амьтан хүнийг тэтгэж, тэдний жаргалд харшлах шалтгаан бүхнийг арилган ариусгаж, буян хишгээ дэлгэрүүлэх тангарагтай энэрэл нигүүслийн бурхан юм. Бурхдын энэрэн нигүүслэх сэтгэлээр нэг дүр бүтээе гэвэл Жанрайсиг бурхан шиг дүр гарах юм гэдээг. Тиймээс Жанрайсигийг бурхдын энэрэн нигүүслэх сэтгэлийг өөртөө шингээсэн гэж үздэг байна. Жанрайсиг бурхан нь Мянган мутарт Жанрайсиг, Зөөлөн цогт Жанрайсиг, Найман аюулаас аврагч Жанрайсиг, Хасарваань Жанрайсиг гэх мэт гуч гаруй дүртэй байдаг. Мигжэд Жанрайсиг нь сэтгэлийн хамаг энэлэл шаналлыг арилгаж, нарны гэрлээс ч хамаагүй хүчтэйгээр хүмүүст ивээлээ хүртээдэг ажээ.


Хонгорчуудад насны авшиг хүртээлээ

Монголын бурхан шашны гурван зулын нэг, Ламын гэгээний наймдугаар дүр Хамба номун хан Эрдэнэ бандида хутагт Данзанжамбалчойжишинэн гэгээнтэн сүсэгтэн олон, Хонгор нутгийн түмэндээ зориулан Цэ Ван буюу насны авшиг хүртээх буян номын зан үйлийг аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд хийлээ.

Мөн үеэр Хамба номун хан Эрдэнэ бандида худагт ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэнд Бат оршил өргөх шашин соёлын үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Даншиг өргөх гэдэг нь, Багш дээдэс лам нарт урт насалж, шашин амьтны тусад номоо номлож байхын тухайтад шавь нугуудын зүгээс “Бат-Оршил” буюу Даншиг өргөдөг бурхны шашны номын зан үйл аж. Даншиг өргөсний ач тусаар багш дээдэс лам нарын өлмийн лянхуа батжиж, шавь нугууд хязгааргүй буян хураадаг юм байна.


Ламын гэгээн Лувсанданзанжанцан

Ламын гэгээн Лувсанданзанжанцан Эрдэнэ мэргэн Бандида Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704) нь XI жарны шарагчин туулай жил буюу 1639 оны хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Халхын Хангай ханы өргөн цэцэрлэгт Чингисийн гуч дахь үе Лоёг эрх Цүхүрийн хөвүүн болон мэндэлжээ. Чингисийн гуч дахь үеийн хөндлөн Цүхүр ноёны хөвүүн Лувсанданзанжанцан 1643 онд Түвдийн БанчинЭрдэнийн бошгоор Дашлхүмбэ хийдийн хамба асан Лэгцэглхүндэвийн хувилгаан хэмээн тодорчээ.

Долоон настай хүү 1645 онд Гачин цорж Лувсаняринпилээс тойн хувраг болж Лувсанданзанжанцан хэмээх сахилын нэр хүртсэн аж. “Ламын гэгээний анхдугаар” дүр Тойн Лувсанданзанжанцан нь дорно дахины их, бага таван ухааны номд тэгш боловсорсон эрдэмтэн бандида нарын зэрэгт хүрсэн байдаг.

Их гэгээнтэн ном хаялцах мэдлэг сорих мэтгэлцээнийг халх Монголд анх санаачилжээ. Тэрбээр Төвдийн Санаг хар хэмээх тарнийн хийдийн лам Эрх цоржтой Өндөр гэгээний дэргэд ном хаялцан буулган авч байсан гэдэг. Түүнчлэн Ламын гэгээн Лувсанданзанжанцан Төгс буянтын зурхайг үндэслэгчдийн нэг юм. Цаг улирлын бичил хэмнэлийг урьдчилан мэдэж, ажил үйлээ төлөвлөх, төр шашны болон алив ёслол, зан үйл, засал тэргүүтнийг үйлдэхэд хэрэглээ болгож чадсанаараа гавьяатай бөгөөд бөөгийн онгоны тахилгыг бурханы шашны арван дошгидыг тахих зан үйлээр сольж, тахилгын уншлагыг бүтээжээ. Ийнхүү Дорно дахины эрдэм ухаан, оюун сэтгэлгээний ололтыг санаачлан нэвтрүүлсэн нь Ламын гэгээний л хүч. Мөн түүний бичсэн шүлгүүдэд өнөө үеийг зөгнөсөн байдаг хэмээн судлаач, эрдэмтэд дүгнэсэн нь бий.

Ламын гэгээн урьд Энэтхэг, Төвд оронд Гаваабал, Галсандов, Чойжи лонбо, Гэлэн Жанцан нарын зэрэг эрдэмтэн мэргэд болон хувилан төрж байв. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хувраг болж өндөр гэгээн Занабазарын дотны шавь болж, багшийнхаа зөвлөсний дагуу Төвдийн Дашлхүнбэ хийдэд Банчин Богд Чойжижан цангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухааны ном үзэж судалсан байна. Төвдөд 7 жил суралцаж, анагаах ухааны номонд мэргэжсэн оточ нарт олгодог Лхажэ цол хүртэж байв.

Монгол нутагтаа эргэн ирээд Ламын гэгээний хурээг үндэслэн байгуулжээ. Өндөр гэгээн Занабазарын зарлигаар Их хүрээний Хамба номун хан болж байв. Ламын гэгээн нь анагаах ухаан, одон зурхай, үйлийн үр, шашны зан үйлийн зэрэг чиглэлээр дөрвөн боть ном зохиол туурвижээ. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь одон зурхайн онолын хэд хэдэн зохиол туурвисан юм. Тэрбээр: "Огторгуйд орчигч одон гараг Орчлонгийн амьтанд сайн муугаар нөлөөлмүй Огоорч авахыг мэдүүлэхийн тулд Оддын зурхайг бичвэй би" хэмээн айлдсан юм. Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн дараагийн дүрүүд бүгд Монголд хувилан төрсөн байна.

II дүр Лувсанбанчинбалбар (1705-1787)

III дүр Цэвээнжавчог (1789-1845)

IV дүр Балдандамбачүлтэм (1846-1860)

V дүр Принлайтогмид(1862-1907)

VI дүр Жамъяндорж (1910-1912)

VII дүр Цэрэндорж (1913-1937).

 

Ламын гэгээний Наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэн

Бурханы шашин дахин сэргэн дэлгэрч эхэлсэн 1990 оноос хойш Дээрхийн Гэгээн XIV Далай лам Данзанжамцын батламж соёрхолтой 20 хутагт хувилгаад Монгол оронд тодорсны нэг нь Эрдэнэ бандида, Ламын гэгээний 8 дугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэн.

Бурханы шашны гурван зулыг нэг, Халхад шашин номын их хөлгөнийг бүтээн дэлгэрүүлэгч, гүн ухаан, утга зохиол, зурхай, эмнэхүйн ухааныг шимтэн үндэслэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцаны VIII дүр Баянхонгор аймгаас 2009 онд тодорчээ. 2000 оноос эхлэн Ламын гэгээний дүрийг тодруулах эрэл эхлээд ээлж дараагаар явж байсан шалгуурт олон хүүхэд оролцсон бөгөөд эдгээр хүүхдүүдээс 600 хүүхдийн нэрийг Дээрхийн гэгээн Далай багшид явуулснаас гурван хүүхдийг нь тодруулан судалж, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой тохиосон жил буюу 2009 онд Ламын гэгээн Лувсанданзанжанцаны VIII дүрээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат Болдын ганц хүү Эрдэнэбат тодорсон байна. Тэрээр тус аймгийн Баянбулаг сумын Сангийн далай хэмээх газар мэндэлсэн бөгөөд Гэгээнтэнээр тодрох жилдээ Б.Эрдэнэбат хүү 14 настай, “Номгон” ахлах сургуулийн сурагч байжээ.

Ламын Гэгээнтэн Өмнөд Энэтхэг дэх Балдан Брайвүн Даш Гоман дацанд бурхны номонд 10 дахь жилдээ шамдан суралцаж байна. 

Холбоотой мэдээ