Нефть, хийн томоохон компаниудын жагсаалтыг "Газпром" тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-03-31 13:46:43

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргасан олборлолтын хэмжээгээр дэлхийд томоохонд тооцогддог нефть, хийн нээлттэй хувьцаат компаниудын жагсаалтыг ОХУ-ын "Газпром" компани тэргүүлжээ. 25 компани багтсан уг жагсаалтыг тус сэтгүүлийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.

Жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн "Газпром" компани бол “хувьцаа нь чөлөөтэй арилжаалагддаг, хоногт олборлодог нефтийн хэмжээ нь 8.38 сая торхтой тэнцдэг эрчим хүч тээгч түүхий эдийн томоохон үйлдвэрлэгч болохыг” “Forbes” сэтгүүл тэмдэглэж байна. Тус компанид дэлхийн байгалийн хийн нийт олборлолтын 13 хувь нь ногддог.  “Газпром” нь АНУ-аас бусад аль ч улсаас илүү их хэмжээний хий олборлодог” гэж уг жагсаалтыг гаргагчид онцолжээ. “Forbes” сэтгүүл тус компанийн хөрөнгийг 84.3 тэрбум доллароор үнэлж байна. Түүнчлэн “Газпром”-ын ерөнхий хорооны дарга Алексей Миллер “Forbes”-ийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад 54 дүгээрт бичигдсэнийг онцолжээ.

Жагсаалтын хоёрдугаарт мөн ОХУ-ын "Роснефть" компани орсон байна. Тус компанийн хоногт олборлодог нефтийн хэмжээ 5.07 сая торх болж байгаа бол нийт хөрөнгө 72.5 тэрбум доллароор үнэлэгдэж байна. Жагсаалтыг гаргасан шинжээчдийн тооцоолсноор, "Роснефть" нь Саудын Араб болон АНУ-аас бусад аль ч орноос илүү их хэмжээний нефть олборлодог. Тус компанид ОХУ-ын нефть олборлолтын 40 хувь нь ногддог байна.

Гуравдугаарт, хоногт 4.10 сая торх нефть олборлодог Америкийн “ExxonMobil” компани оржээ. Америкийн компанийн хөрөнгө 390 тэрбум доллароор үнэлэгдсэн нь жагсаалтад орсон бусад 25 компанийн хөрөнгөөс давсан үзүүлэлт юм.

“Forbes”-ийн гаргасан жагсаалтын дөрөвдүгээрт Хятадын нефть, хийн томоохон корпораци болох “PetroChina” оржээ. Тус компанийн нефть олборлолтын хоногийн хэмжээ 4.07 сая торх бөгөөд 303 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй байна. Сүүлийн үзүүлэлтээр Хятадын компани зөвхөн “ExxonMobil”-д гүйцэгджээ. Жагсаалтын тавдугаарт, Британийн “BP” компани бичигдсэн байна. Тус компани хоногт 3.24 сая торх нефть олборлодог бол хөрөнгө нь 121 тэрбум доллароор үнэлэгджээ.

Дээрх жагсаалтын эхний байранд Саудын Арабын “Saudi Aramco” компани орж болох байсан боловч тус компани нээлттэй хувьцаат компани бус төрийн мэдлийнх учир уг жагсаалтыг тэргүүлж чадаагүй байна. Сүүлийн хоёр жил нефтийн үнэ эрс унасантай холбоотойгоор нефтийн компаниудад амаргүй хүнд жил байсныг “Forbes”-ийн шинжээчид тэмдэглэж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ