УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-18 18:51:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж,  Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэг сонгов.


УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан гишүүн С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул Дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу түүнийг чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар нэр дэвшүүлж буйг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.


Б.Бат-Эрдэнэ гишүүн нь 2004 оноос хойш дөрөв дэх удаа парламентад сууж байгаа туршлагатайн хувьд, Ёс зүйн дэд хороог удирдах чадвартай хэмээн үзэж нэрийг нь дэвшүүлсэн гэв. 


Танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн.


Хуралдааны үеэр, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ёс зүйн дэд хорооны чиг үүргийн талаар онцлон дурдаад, нэг үетэй харьцуулахад, УИХ-ын хуралдааны ажилд дэвшил гарсан гэдгийг хэллээ. Цаашид сахилга хариуцлага, ёс суртахууныг сайжруулах, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага бий гэдгийг хэлж, амжилт хүсэв. 


УИХ-ын дарга Г.Занданшатар, “Төрийн нэр хүндийг өргөх үүднээс ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах шаардлагатай. Цаашид УИХ-ын ажлыг сайжруулах, хуралдааны ирцийг бүрдүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахад Ёс зүйн дэд хорооны даргын үүрэг ихээхэн чухал. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулаад харъяалах Дэд хороонд хүргүүлсэн. Мөн Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулаад хүргүүлсэн байгаа. Эдгээрийг ойрын хугацаанд хэлэлцэн батлахаас Дэд хорооны даргын ажил эхлэх учиртай” хэмээгээд Б.Бат-Эрдэнэ гишүүнд ажлын амжилт хүслээ. 


Ийнхүү санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Үүний дараа Дэд хорооны даргыг чөлөөлөх, сонгох тухай тогтоолын төслийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асууж, тайлбар авах гишүүн байгаагүй тул санал хураахад гишүүд 100 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Холбоотой мэдээ