“Бэлчээрийн экологийн чадавхын зураглал”-ыг жил бүр гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-18 16:09:00

Ховд /МОНЦАМЭ/.  Аймаг, сумдын нийт газар нутгийн 60-70 хувь нь бэлчээрийн бүс нутагт багтдаг. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөнөөр бэлчээрийн даац хэтрэл, өвс, тэжээлийн нөөцийн хомсдол, бэлчээрийн доройтол нэмэгдэх болсон.

Иймд бэлчээр зохион байгуулалтыг ургамлын сэргэх чадавх, даацад нь тохируулах замаар экосистемийг тогтвортой хадгалах, хамгаалах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ хэрэгцээ шаардлагад нийцүүлж бэлчээрийн экологийн чадавхыг тодорхойлох,  түүнийг зурагжуулах ажлыг газар зохион байгуулалтын төлөвлөлт, мониторингийн үйл ажиллагаанд суурь мэдээлэл болгон ашиглах үүднээс “Бэлчээрийн экологийн чадавхыг зураглах заавар”-ыг ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/268 тоот тушаалаар баталсан байдаг.

Энэхүү зааврын дагуу Ховд аймгийн хэмжээнд 2017 онд бэлчээрийн экологийн чадавхын зураглал хийж байсан. Тэгвэл 2019 оноос эхлэн аймаг, сумдын бэлчээрийн газрын экологийн чадавхын зураглал гаргах ажлыг жил бүр тогтмол зохион байгуулж хэвшихээр зорьж байна.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ГХБХБГ-аас санаачлан, "Мерси Кор" ОУБ-аас USAID-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь LTS-2” төслийн хүрээнд  “Бэлчээрийн газрын чадавх болон даацын зураглал хийх Arc GIS программ”-ын  сургалт зохион байгуулж байна.

Тус сургалт энэ сарын 17-21-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх ба ГХБХБГ-ын мэргэжилтнүүд болон 17 сумын газрын даамал, нийт 30 орчим хүн оролцож, сумын бэлчээрийн экологийн чадавхын зураглал гаргах аргачлалд суралцаж байгаа юм.

Энэхүү сургалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах уламжлалт аргыг хөгжүүлэх, цаашлаад "Мерси Кор" ОУБ-аас гаргасан малчид, иргэд хөдөлмөрчдөд цаг агаар, бэлчээрийн ургацын мэдээ хүргэдэг тусгай системийн мэдээллийн цар хүрээг өргөтгөх, нутаг дэвсгэрийн бэлчээрийн менежментийг боловсруулах, бэлчээрийн экологийн  чадавхыг тодорхойлох замаар зураглал гаргах, ногоон хөгжлийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зэрэг ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахад эерэг үр нөлөөтэй гэж албаныхан онцоллоо.

Энэ сургалтын чиглүүлэгчээр ГЗБГЗЗГ-ын мэргэжилтэн Б.Дөл болон Ховд аймгийн ГХБХБГ, "Мерси Кор" ОУБ-ын мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэд бэлчээрийн газрын чадавх болон даацын зураглал хийх зориулалт бүхий Arc GIS программын хэрэглээ, ач холбогдол, ашиглах заавар, үе шат,  аргачлалын талаар мэдээлэл хийлээ.

Тус сургалтын үр дүнд аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд болон сумдын газрын даамлууд орон нутагтаа газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бэлчээрийн төлөв байдлын мониторинг  хийх ажилд  цаг  хугацааны өргөн агууламжтай хиймэл дагуулын мэдээ ашиглах замаар бэлчээрийн экологийн  чадавхын  зураглал гаргах арга зүйг  бүрэн эзэмшинэ.

Мөн бэлчээрийн газрын чадавх, даацын зураглалыг боловсруулах үе шат, хээрийн тодотгох судалгаа, мэдээллийн сан үүсгэх аргачлал, сансрын зураг, хиймэл дагуулын мэдээ татаж авах, түүнд боловсруулалт хийх зарчмын талаар шинэ  мэдлэг,  ур чадвартай  болно  гэж зохион байгуулагчид үзэж байна.

Аймаг, сумын хэмжээнд  бэлчээрийн экологийн чадавхыг тодорхойлох зураглал гаргах нь байгалийн нөөц, түүний дотор бэлчээрийн экологийн даац багтаамжид суурилсан ашиглалтыг нэвтрүүлэх, улмаар бэлчээрийн газрын тэсвэрлэх чадвар, өвс ургамлын эргэн сэргэх боломжийг илрүүлэх чухал ач холбогдолтой.   

Ховд аймгийн нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрчээ. Сум багийн дүнгээр авч үзвэл, зургаан суманд 3-5, найман суманд 7-8 дахин хэтэрсэн байна. Харин Эрдэнэбүрэн суманд бэлчээрийн даац 21 дахин хэтэрсэн үнэлгээтэй байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Цаашид жил бүр бэлчээрийн газрын экологийн чадавхын зураглал гаргаснаар малчид бэлчээрийг зүй зохистой, зохион байгуулалттай ашиглах, улмаар бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. 



Холбоотой мэдээ