Цөлжсөн газар нутгийг 10.2 хувиар бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-06-17 09:29:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.

Цөлжилт нь зөвхөн нэг улс орны тулгамдсан үйл явц төдийгүй газрын доройтолд өртөж буй бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байна. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин сууж буй бөгөөд тухайн иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэргээр эдийн засаг, нийгмийн сөрөг үр дагавар их гарсаар байна. Цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ. Ялангуяа, хуурайшилт ихтэй Монгол орны хувд цөлжилт онцгой анхаарах шаардлагатай болсон.

Ази тивийн хамгийн ихээр цөлжсөн таван орны нэгд ордог манай орны нийт газар нутгийн 76.8 хувь ерөнхийдөө их, бага хэмжээгээр цөлжилтөд өртөж байна гэсэн тоо мэдээлэл байна. Үүнд, байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэй хүний хүчин зүйл болон бэлчээрийн талхагдал хүчтэй нөлөөлж буйг сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний дүн харуулсаар ирэв. Тодруулбал, манай улсын нийт газар нутгийн 22.2 хувь нь цөлжилтөд өртөлгүй үлдэж чадсан байна. Цөлжилт хүчтэй илрээд буй газар нутгийн 56 хувьд байгалийн хүчин зүйл нөлөөлсөн бол 44 хувьд хүний үйл ажиллагаанаас болжээ.


НҮБ-аас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлж байна. Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээг 10.2 хувиар бууруулахаар тусгаад байна. Ингэхдээ 2030 онд гэхэд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилт тавиад байна. 

Холбоотой мэдээ