Хамгийн залуу “Хүндэт донор”-оор 19 настай Б.Өсөхбаяр тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-06-14 16:00:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс хүмүүнлэг үйлст доноруудыг алдаршуулах өдрийг 15 дахь жилдээ “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн: Хэнд ч, хаана ч” гэсэн уриатайгаар анх удаа Ерөнхийлөгчийн ивээл дор тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр “Цусны 1000 донор”-ын үндэсний чуулган Төрийн ордны Их танхимд боллоо.


Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа уншиж танилцуулав.
ЦССҮТ Цусны донорын олон улсын өдрийг угтан тогтмол хугацаанд цусаа бэлэглэж буй донорыг алдаршуулах, тэдний буянт үйл хэргийг нийгэмд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулдаг бөгөөд жил бүрийн энэ өдөр  35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог уламжлалтай.

2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлд 65, аймаг орон нутагт 15 донор “Хүндэт донор” цолны болзол хангасан байна. Хамгийн залуу “Хүндэт донор” цол тэмдэгтнээр 19 настай Б.Өсөхбаяр тодорсон бол, МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн” медалиар Э.Ганбат, “Нигүүлсэл” медалиар Ц.Өрнөхбаяр, Г.Анхцэцэг нарыг шагнаж урамшуулав.

Харин “Алтан донор”-оор Ц.Энхтөгс, “Мөнгөн донор”-оор Т.Алимаа, “Хүрэл донор”-оор Б.Бадрал нарыг өргөмжиллөө. “Алтан донор” Ц.Энхтөгсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулж, баяр хүргэсэн юм.
ЦССҮТ, МУЗН жил бүр нийслэл, дүүргийн хэмжээнд ажлын үр дүнгээр нь донор элсүүлэгчдийн ажлыг дүгнэдэг уламжлалын дагуу Монголын донорын холбоо тэргүүн байр, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмай хороо дэд байр, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо гуравдугаар байранд шалгарсан бол ШУТИС, Зэвсэгт хүчний 120-р анги, Макс групп “Шилдэг донор хамт олон”-оор тус тус шалгарлаа. Түүнчлэн донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ, www.gogo.mn сайтыг тодруулж, алдаршуулав.

Олон улсын чанарын стандартыг хэрэгжүүлсэн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЦССҮТ-ийн удирдлага, хамт олны төлөөлөлд гардуулсан юм.

Үндэсний чуулганд ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандес, МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын албаны хүмүүс, эмч мэргэжилтэн, донорууд оролцов.

Дашрамд дурдахад, 2018 онд Монгол Улсын хэмжээнд нийт 34 296 орчим донор цусаа бэлэглэснээс Улаанбаатар хотод 26 053, аймаг орон нутагт 8243 донор цусаа бэлэглэж, 30 нэр төрлийн 98 037 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байна.  Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт хүн амын дунд донорын эзлэх хувь 1.14 хувь, 1000 хүн амд ногдох цус өгсөн тоо Улаанбаатарт 18.1, орон нутагт 4.7 болж тус тус өссөн эерэг үзүүлэлттэй байна. Мөн улаан эсийн бүтээгдэхүүнийг глицеринжүүлэн хөлдөөж удаан хугацаагаар хадгалах, цус цусан бүтээгдэхүүний эмгэг төрүүлэгчийг идэвхгүйжүүлэх, рентген туяагаар шарах зэрэг шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Эдгээр шинэ технологийг нэвтрүүлснээр хөлдөөж угаасан улаан эс, эмгэг төрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн хөлдөөсөн шинэ сийвэн, ялтаст эсийн өтгөрүүлэг, туяагаар шарсан улаан эсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нэр төрлийг нэмэгдүүлж аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байгаа аж.

 

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ