Абэ Иранд баривчлагдсан АНУ-ын иргэдийг суллахыг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-14 10:33:58

ТЕХРАН. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Иран улсад айлчлах үеэрээ тус улсад баривчлагдсан Америк иргэдийг суллахыг Ираны эрх баригчдаас хүссэн гэж Японы Засгийн газрын эх сурвалж баасан гарагт мэдээлжээ. Уг хүсэлтийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп А.Шинзод тавьсан юм.


Иранд АНУ-ын дөрвөн иргэн баривчлагдаад байгаагийн дунд 10 жилийн хорих ял сонссон Тэнгисийн цэргийн ахмад багтаж байгаа ажээ.


Японы Ерөнхий сайд Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай лхагва гарагт, шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеитэй пүрэв гарагт тус тус уулзах үеэрээ дээрх хүсэлтийг тавьсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Ираны удирдагчид уг хүсэлтэд ямар хариулт өгсөн нь тодорхойгүй байна.


Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Техран, Вашингтоны хурцамдал байдал өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор А.Шинзо тус хоёр орны хэлэлцээнд зуучийн үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэн Иранд айлчилсан юм. Тэрбээр сүүлийн 41 жилийн хугацаанд Иранд айлчилсан Японы анхны удирдагч болсон билээ.


Харин Иран улс АНУ-тай хэлэлцээ хийхгүй хэмээн пүрэв гарагт мэдэгдээд, хоёр талын хэлэлцээнд зуучийн үүрэг гүйцэтгэх А.Шинзогийн саналаас татгалзсан байна. 

Холбоотой мэдээ