Улсын драмын эрдмийн театрынхан өдөрлөгт өргөн бүрэлдэхүүнтэй оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-13 17:00:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл урлагийн  байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Улсын Драмын Эрдмийн театрынхан хамгийн том асар майхан, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.  Дөрвөн  том асарт дэлхийн сонгодог жүжгийн мастер  Софокл, У.Шекспир, Ж.Мольер, К.Гольдони, Н.Гоголь зэрэг зохиолчийн тайзанд амилуулсан хувцас хэрэглэлээс эхлээд 500 гаруй  бүтээлийнхээ уран сангаас дээжлэн дэлгэжээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийн тасалбарыг ч тус асраас худалдаж, вальсын хөнгөн аянд жүжгийн гол дүрд тоглосон залуу жүжигчидтэй  иргэд залуус бүжиглэж байв.

УДЭТ-ын дарга, МУУГЗ Б.Цэрэнсамбуу, Соёл урлагийн Үндэсний зөвлөл, Засгийн газрын дэмжлэгтэйгээр  олон асуудал шийдэгдэж эхэлсэн тухай хэлэхдээ "2019 оноос мэргэжлийн урлагийн байгууллагууд үйл ажиллагааны орлогоо захиран зарцуулах эрхтэй болсон нь уран бүтээлчдийн бүтээх туурвих, соён гэгээрүүлэх ажилд  дэмжлэг болж, цаг алдалгүй шинэ бүтээл гаргах боломж олгож байна. Тухайлбал, соёл урлагийн байгууллага олсон орлогоо өөрсдийн үйл ажиллагаандаа зарцуулах шийдвэрийг гаргаж өглөө. Санхүүгийн ийм дэмжлэг сүүлийн гучин жил зогссон байсан. Харин энэ жилээс  олсон орлогоо өөртөө үлдээж  уран бүтээлээ туурвих, уран бүтээлчдээ дэмжих боломж олголоо. Энэ улиралд манай байгууллага хоёр шинэ уран бүтээлийг үзэгчиддээ хүргэлээ. Соёл урлагийн нийгмийн байдалд тусламж үзүүлж, уран бүтээлчдийн цалинг нэмэгдүүлснээс гадна хоёр шинэ  автобус бэлэглэсэнд гүнээ талархаж байна” гэлээ.

                                                                                                                                                               Д.Отгонцагаан



Холбоотой мэдээ