Мугабе сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-30 16:52:49

ТОКИО. /TASS/. Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе 2018 онд болох тус улсын төрийн тэргүүний дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлэхэд бэлэн буйгаа мэдэгджээ. Токио хотод албан ёсны айлчлал хийж буй Мугабе энэ тухайгаа Японы "Санкэй" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. 

“Намайг дэмжигчид миний нэрийг дэвшүүлнэ. Хэрэв ард түмэн хүсвэл би үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ” гэж өдгөө 92 настай, Зимбабвегийг Ерөнхийлөгч хэлжээ. Сөрөг хүчинд дарамт шахалт үзүүлж, төрийн эрхийг дангаар барьж байна гэсэн Өрнөдийнхний шүүмжлэлийг тэрбээр няцааж, энэ нь “Зимбабвегийн ард түмнийг доромжилж байна” гэж мэдэгдсэн байна.

Роберт Мугабе бол дэлхийн хамгийн өндөр настай удирдагч юм. Тэрбээр улс орноо тусгаар тогтносноос хойш буюу 1980 оноос хойш удирдаж байгаа билээ. Түүний Токио хотод хийж буй энэ удаагийн айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Зимбабвед 600 сая иенийн /5.4 сая орчим доллар/ эдийн засгийн тусламж үзүүлэхээ амлажээ. Токиогийн эрх баригчид өмнө нь тус улсад 1.8 тэрбум иенийн /16 сая гаруй доллар/ зээл олгосон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ