Баян-Өлгийд айл өрхөд борлуулах цахилгааны үнэ 17 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-12 18:15:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш айл өрхөд борлуулах цахилгааны үнэ гурван удаа нэмэгдээд байна. Тодруулбал, айл өрхөд борлуулах 1 кВт/ц цахилгааны үнэ 17 төгрөгөөр нэмэгдэн 126 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны үнэ 46 төгрөгөөр нэмэгдэн 192 төгрөгт тус тус хүрчээ.

Цахилгааны үнэ өссөн нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 99, 100, 101 тоот тогтоолуудаар Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг шинэчлэн баталсантай холбоотой гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

Харин тус хорооны 2019 оны 102 тоот тогтоолын дагуу ирэх долоодугаар сарын 1-нээс цахилгааны үнэ дахин найман төгрөгөөр өсөх ажээ.

Цахилгааны үнийг шат дараатай нэмж байгаа нь сэргээгдэх эрчим хүчний үнэ буурахгүй байгаа, валютын ханш, бензин шатахууны үнэ өссөн зэрэг хүчин зүйлстэй холбоотойг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Холбоотой мэдээ