Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх зорилт

Монголын мэдээ | Нийтлэл
ariunbold@montsame.mn
2019-06-11 16:15:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 6-ны хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ.


Тус төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан юм. Энэ удаад Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах зорилтыг хэрхэн тусгасан талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын танилцуулгыг хүргэж байна.


Related image

Гадаад болон дотоодын байгууллагын судалгаагаар, хамгийн их авлигад идэгдсэн байгууллагын жагсаалтаар шүүх засаглалын байгууллагууд “тэргүүлсэн” байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн шүүхэд итгэх итгэлийг сэргээх, шүүх засаглал нь хараат бусаар шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэхийг зорьсон гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар онцлов.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэн тэргүүнд Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог цөөрүүлэх заалт тусгасан байна. Тодруулбал, одоо Улсын дээд шүүх 25 шүүгчтэй. Үүнд ерөнхий шүүгчээс гадна иргэний, эрүүгийн болон захиргааны хэргийн тус бүр найман шүүгч багтаж байна. Үүнийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад танхимын тус бүр 7 шүүч буюу нийт 22 шүүгчтэй байхаар өөрчилсөн байна.



Шүүхийн ажилд Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлах, шүүхийг улс төрөөс хараат бус байлгах зорилгоор Үндсэн хуульд хэд хэдэн нарийвчилсан заалт оруулахаар ажлын баг төсөл боловсруулжээ. Тухайлбал, шүүгчийг Ерөнхийлөгч бус Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) томилдог болох аж.

 


Мөн ШЕЗ-ийн орон тоог нэмжээ. Одоогийн Үндсэн хуульд ШЕЗ-ийн талаар нарийвчилсан зохицуулалт тусгаагүй байна. Тодруулбал, Үндсэн хуульд “ШЕЗ нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор ажиллана. ШЕЗ шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг хамгаалах зэрэг бие даан ажиллах нөхцөлөөр хангасан үүргийг биелүүлнэ” хэмээн заасан нь хэт ерөнхий заалт хэмээн ажлын баг үзжээ. Одоо үйлчилж буй ШЕЗ-ийн тухай хуулийн тус зөвлөл таван гишүүнтэй ажиллаж буй юм. Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг, давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг, Улсын дээд шүүхээс нэг хүнийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч томилдог. Мөн Хуульчдын холбоо, ХЗДХЯ-наас тус бүр нэг хүн томилдог аж. Тиймээс шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах гол байгууллага болох ШЕЗ-ийг хүчирхэгжүүлэх зорилгоор доорх байдлаар тусгахаар төлөвлөсөн байна.





ШЕЗ-ийн дэргэд Шүүгчийн ёс зүйн хороо ажиллаж буй юм. Гэхдээ тус хороо хууль зөрчсөн шүүгч нарт хариуцлага тооцож чадахгүй байна хэмээн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын баг үзжээ. Тиймэээс Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулах заалт тусгасан байна. Зөвлөлийг доорх байдлаар байгуулах юм.



  

 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр улс төр, хуулийн өндөр мэдлэгтэй хүн томилох Үндсэн хуулийн заалт бий. Үүнээс “улс төр” гэсэн хэсгийг хасахаар нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц нь зөвхөн Үндсэн хуулийг тайлбарлах, түүнд бусад хууль нийцүүлэх зорилготой байгууллага бөгөөд үүнд улс төрч бус мэргэжлийн хуульч ажиллах шаардлагатай хэмээн ажлын баг үзжээ. Мөн төсөлд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг дахин томилохыг хориглосон байна.



Дээр дурдсан зохицуулалтуудыг Үндсэн хуульд тусгаснаар шүүх засаглалын хараат бус, бие даасан байдал бэхжиж, улс төрөөс ангид шийдвэр гаргах боломж бүрдэх юм.


Дараагийн удаад Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох тухай УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн танилцуулгыг хүргэх болно.


Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах зорилтын хүрээнд төсөлд тусгасан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаарх УИХ-ын гишүүн Я.Содбаатарын танилцуулгыг  https://montsame.mn/mn/read/192056 холбоосоор уншина уу.


Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах асуудлыг төсөлд хэрхэн тусгасан талаарх УИХ-ын гишүүн С.Бямбацогтын танилцуулгыг https://montsame.mn/mn/read/192107 холбоосоор уншина уу.

Холбоотой мэдээ