Мод хугалсан этгээдийг Цагдаагийн газар шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-11 13:16:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Арвайхээр суманд 8000 орчим мод бут тарьсан ч түрүүчээсээ хугарах, гэмтэх эрсдэлд ороод байна.

Энэ сарын 8-9-ний шилжих шөнө Арвайхээр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт тарьсан 45 улиасыг хугалж гэмтээн дахин ургах боломжгүй болгожээ. Аймгийн Цагдаагийн газраас камерын бичлэгийн дагуу зөрчил гаргасан этгээдийг хайж илрүүлэхэд авто угаалгад ажилладаг 22 настай иргэн байв. Тэрээр “Орой ажлаа тараад явж байхдаа мод хугалсан” гэж мэдүүлсэн байна. Хохирлын хэмжээ 300 мянган төгрөгөөс дээш тогтоогдвол гэмт хэрэгт тооцогдох ба үүнээс доош мөнгөн дүнгээр тогтоогдвол зөрчлийн хуулиар шийдэх аж.

Нийтийн эзэмшлийн зам, талбайд хийж байгаа ажлыг сүйтгэх, нураах, санаатайгаар малаа оруулах асуудал байнга гардаг бөгөөд ухамсаргүй, сэтгэлгүй этгээдүүдэд хариуцлага тооцдог байх хэрэгтэй хэмээн иргэд цахим орчноор шаардаж байна.

Холбоотой мэдээ