“Ийгл” телевиз Л.Гансүхийн шүүх хурлыг шууд дамжуулж буйг шүүмжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-18 16:27:12

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг “Ийгл” телевизээр  шууд дамжуулж байгаатай холбогдуулан “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт өнөөдөр мэдээлэл хийв

Тэрбээр, шүүх хурлын үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулж байгаа нь Шүүхийн хараат бусаар шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх магадлалтай. Нийгэмд Л.Гансүхийг буруутай, гэм буруугүй гэсэн маргаан үүсч, талцал үүсээд байна” гэлээ.

Түүнчлэн, “Ийгл телевиз Л.Гансүхийн шүүх хурлыг шууд дамжуулж байна. Энгийн иргэний шүүх хурлыг дамжуулах хүсэлт тавихад “Гадаад захирлууд зөвшөөрөхгүй” гээд дамжуулдаггүй. Тиймээс тус телевиз Л.Гансүхээс мөнгө авч, захиалгаар ажиллаж байна гэх хардлагад хүрч байгаа юм.

Нөгөөтэйгүүр шүүх ч мөн иргэдийг ялгаварлан гадуурхаж байна. Л.Гансүхийн хэргийг телевизээр шууд дамжуулахыг зөвшөөрч байгаа хэрнээ энгийн иргэнд зөвшөөрөл олгодоггүй. Шударга шүүх ямар ч хүнтэй тэгш харьцах ёстой. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Энэ мэт ялгаварлан гадуурхсан үйл ажиллагааны эсрэг тэмцэх болно” гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд