БНХАУ, Монгол нам хоорондын солилцоог идэвхжүүлэхээр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-30 12:00:21

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшань өчигдөр УИХ-ын дэд дарга, Монгол ардын намын дарга М.Энхболд тэргүүтэй Монголын төлөөлөгчидтэй уулзаж, тус улстай хийж буй нам хоорондын солилцоог идэвхжүүлэхээр амлалаа.

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал болон Бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн чуулганы үр дүн, Хятадын 13 дугаар таван жилийн төлөвлөгөөг Лю Юньшань М.Энхболдод танилцуулсан байна.

Дэлхий дахинд боломжуудыг бий болгох нээлттэй, харилцан ашигтай, хамтын ажиллагаа явуулахад БНХАУ үргэлж бэлэн байдаг гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, нам хоорондын солилцоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, БНХАУ-Монголын харилцааг хөгжүүлэхэд Коммунист нам Монгол ардын намтай хамтран ажиллах хүсэлтэй байна гэж мэдэгдэв.

Харин М.Энхболд, хоёр нам хоорондын харилцааг сайшаагаад, БНХАУ-ын 13 дугаар таван жилийн төлөвлөгөө хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг бий болгоно гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, БНХАУ-Монголын харилцаа гүнзгийрч, хоёр намын солилцоо идэвхжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ