Хэрэгт холбогдсон дипломат ажилтанг Германд саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-06-06 13:58:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадад суугаа манай улсын дипломат ажилтан мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан гэх хэрэгтэй холбогдуулан өнөөдөр ГХЯ-наас мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, “Герман улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан манай улсын дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай автомашиныг тавдугаар сарын 3-нд саатуулан шалгасан. Шалгалтаар 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын дипломат ажилтныг мөн шалгаж байна.

Бид Берлин дэх ЭСЯ-аар дамжуулан мэдээлэл авсан. Хилийн чанадад монгол иргэд гэмт хэрэгт холбогдон саатуулагдах тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу бидэнд мөн мэдэгддэг. Хэргийг шалгаж дуусаагүй байгаа учир үүнээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хэрэг явдал гараад сар болж байхад энэ талаар яагаад мэдээлээгүй юм бэ? Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Нэгд, хэргийг шалгаж дуусаагүй, өөр хүмүүс холбоотой эсэхийг тодруулах, нарийвчлан гаргах зүйл байгаа. Мөн мэдээлэл солилцоход цаг хугацаа ордог. Эцэслэгдээгүй учир хүний нэрийг мэдэгдэх боломжгүй. Мөн ар гэрийнхний нь хүсэлтээр, хувь хүний нууцыг хамгаалах үндэслэлээр ГХЯ гадаадад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн талаар олон нийтэд мэдээлдэггүй.

-Хэрэгт холбогдсон ажилтнууд одоо хоригдож байгаа юу?

-Дрезден хотод саатуулагдсан. Тухайн улсын хуулийн дагуу шийтгэгдэнэ. Одоо өмгөөлөгч томилогдоод ажиллаж байна. Германы хуулиар, хар тамхитай холбоотой буюу тээвэрлэж явсан хэрэгт  2-15 жилийн хорих ял оноодог.

-Монгол Улсын дипломат ажилтнууд Европын орнуудад хууль бусаар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдол өмнө гарч байсан. Ямар арга хэмжээ авч хариуцлага хүлээлгэж байна вэ? Дипломат ажилтнуудыг ямар шалгуураар томилдог вэ?

-Ийм тохиолдол, хэрэг өмнө нь гарч байсан. Яг хар тамхи мансууруулах бодистой холбоотой ноцтой хэрэг бол гарч байгаагүй. Гарсан хэргийг тухай бүр нь манай яамнаас арга хэмжээ авч, зохих шийтгэлийг ногдуулсаар ирсэн.

Европын зарим оронд манай иргэд тамхины хууль бус наймаа хийж байж болзошгүй гэх мэдээллийн дагуу энэ оны нэгдүгээр сард манай яам ТЕГ-т хандан энэ төрлийн хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Хилийн чанадад ажиллах хүмүүсийг дипломат ажилтны хуулиар, төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээр томилдог гэв.


Тодруулга: Одоогоор манай улсын 160 гаруй иргэн хилийн чанадад ял эдэлж байна. Өнгөрсөн онд хар тамхины хэрэгт 53 хүн холбогдон саатуулагджээ. Мөн гадаадад 1400 хүн гэмт хэрэг үйлдсэнээс 40 хувь нь хулгайн гэмт хэрэг юм. Гадаадад зорчиж буй иргэдийн тоо жил бүр өсөж, үүнийг дагаад гэмт хэргийн тоо ч нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Б.Болд

Холбоотой мэдээ