ОХУ-ын кинонуудыг Украинд хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-30 10:03:03

КИЕВ. /TASS/. ОХУ-ын кинонуудыг хориглох санал хураалтыг Украины парламент өчигдөр явуулж, 237 саналаар дэмжсэн байна. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш бүтээсэн кинонуудад уг хоригт хамаарах ажээ.

Оросын 430 гаруй кино болон телевизийн хөтөлбөрийг Украинд гаргахыг хориглоод байгаа билээ.

Мөн Украины үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаатай холбоотойгоор нөлөөг нь тогтоон барих боломжгүй гэсэн Оросын болон гадаадын 83 жүжигчин, киног бүтээгч, дуучин болон соёлын бусад зүтгэлтнийг Украины Соёлын яам хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ.

Франц болон Холливудын кино од Жерар Депардье, Стивен Сигал болон ОХУ-ын иргэн, америк боксчин Рой Жонс, “Limp Bizkit” хамтлагийг үүсгэн байгуулагч, ахлагч гэдгээрээ олонд танигдсан Фред Дерст, Оскарын шагналт кино бүтээгч Никита Михалков болон ОХУ-ын зарим поп дуучин уг жагсаалтад орсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ