Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-05 16:36:57

БЕЛГРАД. /TASS/. НАТО-гийн эвслийн Хөрөнгө оруулалтын хороо алсын хяналтын 3D радарыг нутагт дэвсгэрт нь суурилуулж өгнө үү гэсэн Черногор улсын хүсэлтийг хүлээн авч дэмжжээ. Энэ тухай Черногорийн Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.


Уг радарыг суурилуулах нь агаарын орон зайг хянах хамгийн өртөг багатай арга бөгөөд манай улсын аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж тус яамны мэдээлэлд онцлон дурджээ.


Радарыг Черногорын тал тодорхойгүй хугацаагаар үнэ төлбөргүй  ашиглах аж. Өмнө нь "Pobjeda" сонинд мэдээлснээр, радарын үнэ 20 сая евро бөгөөд түүнийг суурилуулахад 4 сая еврогийн зардал гарах ажээ. 3D радар нь алслал, чиглэл, өндөр гэсэн гурван хэмжээст орон зайд радиолокацийн хяналт явуулдаг байна.


Черногор улс 2017 оны 6 дугаар сарын 5-нд НАТО-гийн гишүүнээр албан ёсоор элссэн бөгөөд 2018 оны 6 дугаар сараас эхлэн НАТО-гийн гишүүн Грек, Италийн агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд тус улсын агаарын орон зайд эргүүл хийж байгаа юм. 

Холбоотой мэдээ