Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-03-29 23:49:12

“Дарханы хөгжил-2016” олон улсын эдийн засгийн форумын хаалт Дархан хотын Залуучууд театрт болов. Тус театрын зааланд Дархан хотын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж зочид төлөөлөгчдөд үзүүлсэн бол тус театрын үндэсний найрал хөгжмийн чуулгын тоглолтыг сонирхууллаа.

Театрын их танхимд гадаадын болон дотоодын томоохон компаниудтай аймгийн Засаг дарга  санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм. Уг ёслолыг нээж аймгийн Засаг дарга А.Энхболд хэлэхдээ:-“Бид хоёр өдөр Дархан-Уул аймгийнхаа таатай боломж, боломжийг бодит үр дүнд хүргэх бодлого, түүнийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрүүдээ төр хувийн хэвшил, олон улсын түнш орнуудын оролцоотойгоор хамтран хэлэлцэж алдаа оноо, боломж  бололцоогоо тодорхойлж чадсандаа туйлын баяртай байна. Төвийн бүсийн хөгжлийг тодорхойлно гэсэн тодорхой алсын хараатай зорилго тавьж Монгол Улсын жишиг ухаалаг хот болох төлөвлөгөөтэй, үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг хөгжлийн зарчмаар хэрэгжүүлж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын эдийн засгийн дэмжлэг, аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, ложистикийн төв болох, иргэдийн ая тухтай амьдрах таатай орчин бүрдүүлэхэд оролцогчдыг хандуулсан нь давуу тал байлаа” гэж онцлов.

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд уг форумд оролцсон гадаад дотоодын хэд хэдэн оролцогчтой хамтарч ажиллах санамж бичгийг үзэглэв. Тухайлбал: БНХАУ-ын Үндэсний Цахилгаан түгээх сүлжээ корпораци “Нари групп” ТӨХК-ийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Юү Чүан нар “Ус цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэх” төсөл болон “Үйлдвэр технологийн парк” төсөлд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн “Тахь Ко” ХК-ийн захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Буянбаттай “Бүх төрлийн хатуу хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар боловсруулах үйлдвэр”-ийг байгуулах талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бол Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж төсөл”-ийн захирал Б.Батболдтой мөн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн аймгийн Засаг дарга А.Энхболд ӨМӨЗО-ны Бизнесийн Ерөнхий холбооны захирал Л.Баатартай хоёр орны аж ауйн нэгжүүдийг дэмжих ялангуяа бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт татах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр, ОХУ-ын Буриад Улсын Хөдөө аж ахуйн яам болон Дархан-Уул аймгийн Үйлдвэр Технологийн паркийн хооронд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллаж аймгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх, мөн тус аймгийн “Талст өргөө” ХХК болон ОХУ-ын “Еврокомлект” компанийн хооронд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр талууд хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболдоос форумын үр дүнгийн талаар тодрууллаа. Тэрээр, Форум маш амжилттай болж өндөрлөж байна. Хоёр өдрийн турш манай Тамгын газрын хамт олон, “JCI Монгол” зэрэг олон байгууллага, хүний хүч хөдөлмөрөөр амжилттай зохион байгууллаа. Дарханчууд бид хаана явж байна вэ? Хаашаа явах вэ? гэдэг алсын хараагаа тодорхойллоо. Ерөнхий төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, үйлддвэржилт, үйлдвэржилт дээрээ бид энэ ажлаа хийчихсэн байсан. Одоо үүнийгээ хэрэгжүүлэх арга зам хэрэгтэй. Тиймээс энэ арга зам дээрээ ямар менежмент хийх вэ? ямар хөрөнгө оруулалт татах вэ? гэдэг хамгийн гол санаа эндээс гарч ирсэн. Засаг даргын зөвлөл нь Бизнесийн зөвлөлтэй байж эндээсээ зөвлөмж заавраа гаргадаг болно. Бид үйлдвэр технологийн паркаа төр хувийн хэвшлийн оролцоог хангаж ялангуяа хувийн хэвшлийн оролцоог түлхүү хангах замаар үйлдвэр үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг татах боломжтой боллоо. Форумын үйл ажиллагааг нэгтгэж дүгнэвэл бид маш олон хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар шинэ үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалт хийх зэргээр хамтын ажиллагаагаа олон чиглэлээр эхэллээ” гэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ