“Транзит Монгол-2019” олон улсын чуулган болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Транзит Монгол-2019”
чуулган маргааш Улаанбаатар хотноо “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д болох
гэж байна.
Жил бүр болдог чуулганыг Монгол Улсын Засгийн
газар, ЗТХЯ, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”
нийгэмлэгийн санаачилгаар зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулган нь
“Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхэн 70 жилийн ойн хүрээнд болж
байгаагаар онцлог аж. Засгийн газрын тогтоолоор “Транзит Монгол” хөтөлбөрийг 2008
онд батлаж, 2009 оны хоёрдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо анхлан
танилцуулж байв.
“Транзит Монгол-2017” анхны чуулган Бээжин хотноо мөн болж байсан бол хоёр дахь чуулган ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдаж байв. Өнгөрсөн оны чуулганы үр дүнд “УБТЗ”-ын транзит тээврийн хэмжээ 3.37 сая тонн болж өссөн юм. “Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэж буй транзит ачааны хэмжээ жилд дунджаар БНХАУ-ОХУ чиглэлд 22.1 хувиар, ОХУ-БНХАУ чиглэлд 13.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
“Транзит Монгол” олон улсын чуулганы үр дүнд манай улсын нутгаар дамжин өнгөрөх Ази-Европын хоорондох чингэлэг тээвэр мөн их хэмжээгээр нэмэгдэж иржээ. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгдсэн бол 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 397 галт тэрэг болж, Европоос Ази чиглэлд 210 галт тэрэг, харин Азиас Европ чиглэлд 187 галт тэрэг яваад байна.