Эрдэмтэн, судлаачдад зориулсан сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-04 17:04:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, “Nature Research” академитай хамтран Монгол Улсын төрийн өмчийн их сургууль, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагын эрдэмтэн, багш, залуу судлаач нарт зориулан сургалт зохион байгуулж байна.

Шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой  “Nature research academies-author training” сургалтад 200 гаруй эрдэмтэн, багш, залуу судлаач хамрагдаж байна.

Эхний 2 өдрийн сургалтаар олон улсын хэвлэн нийтлэх стандарт, түүнийг хэрхэн дагаж мөрдөх, англи хэлээр өөрийн санааг тодорхой илэрхийлэх болон логик дарааллаар бичих чадвар, судалгааныхаа үр дүнг хамгийн тохиромжтой сэтгүүлийг сонгон амжилттай хэвлүүлэх алхам, судалгааны үр дүнг олон улсын хуралд танилцуулах зэрэг чадварыг олгох юм.

Сүүлийн өдрийн сургалт нь судлаачдад судалгааны үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх арга зам, платформ ашиглах боломжийг танилцуулна. Тодруулбал, олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг хүргэх, хэвлэлийн мэдээ бэлтгэх, сурвалжлагч нарт хэрхэн ярилцлага өгөх зэрэг чадварт суралцах юм.

Сургалтыг “Springer Nature”-д редакцийн хөгжлийг хариуцсан менежер, доктор Жеффри Робенс удирдаж буй бөгөөд 2012 оноос хойш дэлхий даяар судлаачдад эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн 300 гаруй сургалт, семинарыг зохион байгуулжээ.

Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүгийн дэмжлэгтэй зохион байгуулж буй тус сургалт гурван өдөр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ