Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-04 11:27:21

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт хачгаар дамжих халдварын байгалийн голомтын судалгааг өнгөрсөн сард хийжээ. Энэхүү судалгааг Зоонозын өвчин судлалын үндэсний төв, АНУ-ын Тайланд дахь Зэвсэгт хүчний анагаахын шинжлэх ухааны хүрээлэн (AFRIMS), Жорж Масоны их сургуультай (GMU) хамтран хэрэгжүүлж буй "Монгол орны хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандал судалгаа" төслийн хүрээнд Монгол Улсын 13 аймагт хийсэн байна.

Энэхүү төсөл нь таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол оронд тархсан хачгийн тархалтыг тогтоох. хачгаар дамжих халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээг молекул биологийн аргаар нарийвчлан судлах чухал судалгааны ажил юм. 2019 он гарсаар улсын хэмжээнд 21 аймгийн 91 сум, нийслэлийн долоон дүүрэгт хачгаар дамжих халдварын 346 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин Завхан аймгийн тухайд он гарсаар 78 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байгаа. Манай аймгийн Тосонцэнгэл болон Баян тэс суманд хачгаар дамжих халдварын эрсдэл өндөртэй. Тиймээс дээрх төсөл хачигт хазуулах болон хачгаар дамжих халдварын байгалийн голомтыг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой төсөл юм хэмээн Завханы Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.

Тарвагыг хууль бусаар агнахгүй байхыг анхааруулав
Мөн урин дулаан цаг ирсэнтэй холбоотой тарвагыг хууль бусаар агнах, хүнсэндээ хэрэглэх улирал эхэлж байгаатай холбогдуулан Завханд монгол тарваганы нягтшил буурсан үзүүлэлттэй гарсан тухай сонирхолтой мэдээллийг нэмж дуулгав.

Зоонозын өвчин судлалын төвөөс сүүлийн гурван жил дараалан календарчилсан төлөвлөгөөний дагуу Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан зэрэг 17 сумын нутгийн ойт хээр, хээр, хуурай хээрийн бүс бүслүүрээр монгол тарваганы тархалт, нягтшилыг тогтоох зорилгоор судалгаа хийсэн байна.

Судалгааны явцад ажлын хэсгийнхэн жилд нийт 2123 км зам туулж, 55 цэгт үндсэн болон дэд агуулагчийн судалгааг хийхэд нэг га-д 0.02-1.52 толгой монгол тарвага байна гэсэн судалгаа гарчээ. Завхан аймагт 1983-1989 оны монгол тарваганы нягтшил дунджаар нэг га-д 2.23 гарч байсан бол 2017 оны судалгааны дүнгээр нэг га-д 0.4, 2018 онд нэг га-д 0.3 гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь 1990 оноос хойш Завхан аймаг дахь монгол тарваганы нягтшил 82 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Өнөөдрийн байдлаар тарвага агнахыг хуулиар хориглосон байгаа. Түүнчлэн тарваган тахал өвчний голомт аймгийн нэр бүхий хэд хэдэн газар бий. Тиймээс тарвага агнах, арьсыг нь авах зорилгоор хуулах, хүнсэндээ хэрэглэхгүй байх, хамгаалахыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс иргэдэд анхааруулж байна.

Холбоотой мэдээ