“Дэгдээхэй нас” тэмцээний ялагчаар Булган аймгийн Тэшиг сумын багачууд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-29 17:05:08

Цэцэрлэгийн насны хүүхэд багачуудын дунд зохион байгуулдаг "Дэгдээхэй нас" улсын уралдааны шилдгүүд тодорлоо.

“Монгол бүжиг”-ийн хамтлаг төрлөөр зохион байгуулсан тус наадамд Дорнод, Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, Булган аймгийн Тэшиг сум, БЗД-ийн 115, 191, 52, СБД-ийн 234, 75, СХД-ийн 110, Багануур дүүргийн 139 дүгээр цэцэрлэгийн нийт 260 гаруй авьяаслаг өсвөрийн бүжигчин ур чадвар, авьяас билгээ дайчлан оролцов.

Уралдааны тэргүүн байрт Булган аймгийн Тэшиг сумын “Хүслийн жигүүр” хамтлаг, удаах байрт СХД-ийн 110 дугаар цэцэрлэгийн “Цэцгийн дэлбээ” хамтлаг,  гуравдугаар байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Цоглог багачууд” хамтлаг тус тус шалгарсан бол ҮДБЭЧ-ийн нэрэмжит шагналыг Дорнод аймгийн 8-р цэцэрлэгийн багш У. Болорчимэг хүртэв.

Ерөнхий шүүгчээр ХБК-ийн бүжгийн тэнхимийн эрхлэгч МУСТА Н. Оюун, шүүгчээр ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч МУСТА Х.Хашхүү, МУГЖ Ц.Батбаяр нар ажилласан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ