"Хүүхэд бүхэн аз жаргалтай байг" уриан дор хүүхдүүд баярлав

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-06-02 22:57:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хүүхэд багачууд Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Хүүхэд бүхэн аз жаргалтай байг" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд эхэлсэн тус арга хэмжээг Говь-Алтай аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Гансэлэм нээж,  ИТХ-ын дарга Л.Батжаргал хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад баяр хүргэж үг хэллээ. Мөн үеэр "Оюун санааг орон нутагтаа" аяныг санаачлагч зохиолч, яруу найрагч Р.Эмүжин аяныхаа талаар танилцуулж, Есөнбулаг сумын сургуулиуд, аймгийн төв номын санд өөрийн зохиол бүтээлийн дээжээс өргөн барьсан юм.

Тус аймгийн "Хүүхэд-Залуучуудын ордон"-ы дугуйлангийн сурагчид болон Есөнбулаг сумын сургууль, цэцэрлэгүүдийн 250 гаруй авьяаслаг сурагчид уран бүтээлийн тоглолтоо өргөн барьсан бөгөөд тоглолтод оролцсон нийт хүүхэд багачуудад зохиолч, яруу найрагч Р.Эмүжин бүх насныханд зориулсан үлгэрийн цуврал номыг дурсгал болгон хадгалууллаа.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн сурагчид төв талбай дээр цугласан хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулж, "Зөв тусгал" аяны талаар мэдээлэл хийж, эцэг эхчүүд, томчууд тус аянд нэгдсэн юм.