Баярын өдөр хүүхдийн төлөө хийж буй ажлаа танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-01 18:28:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн баярын өдөр Д.Сүхбаатарын талбайд төрийн болон ТББ-ууд хүүхдийн төлөө хийж буй үйл ажиллагаагаа танилцууллаа.

Тодруулбал, “Монгол хүүхэд” хүүхдийн баярын өдөрлөгт ЦЕГ, АТГ, БСШУЯ, Хүүхдийн урлан бүтээх төв, Хөөрхөн зүрх ТББ, Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв,  олон улсын “Дэлхийн зөн” байгууллага, Монголын скаутын холбооны төлөөллүүд оролцлоо. Эдгээрээс товч дурдвал, “Найз нь найзыгаа дэмжье ТББ-аас зургаа дахь жилдээ “Нэг хог нэг амттан” аяныг зохион байгуулав. АТГ-аас хүүхдийн баярыг тохиолдуулан гаргасан “Найзын яриа” номыг сурталчлах өдөрлөг зохион байгуулав.






Энэ талаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ажлын албаны дарга Д.Дуламсүрэн хэлэхдээ, “Манай байгууллагаас сүүлийн гурван жил хийсэн судалгаагаар, хүүхдийн нийгэмд хандах шударга байдлын түвшин буурсан нь ажиглагдсан. Тиймээс хүүхдүүдэд зөв хандлагыг бий болгож, хүүхэд багачуул багаасаа шударга байх нь улс орноо хөгжүүлэхэд тустай гэсэн ойлголтыг төлөвшүүлэхэд олон талт ажил хийх хэрэгтэй байгаа нь харагдлаа” гэсэн юм.

Тэрээр, ЕБС-иуд болон их, дээд сургуулиудын сургалтын системд сайн ёс зүйг олгох хөтөлбөр дутагдаж байна. Эцэг эхчүүд хүүхдийг худлаа хэлж болохгүй, чи зөв байх ёстой гэж ярьж хэлэхээсээ илүү яг юуг хийвэл шударга байх талаар нь өөрсдөө үлгэрлэх нь чухал юм. “Найзын яриа”номонд үе тэнгийн хүүхдүүд бие биедээ хэрхэн зөв хандан харилцаж байх талаар ойлгуулж байгааг өгүүлдэг. Энэ номноос сэдэвлэн бид Хүүхдийн ордонтой хамтран жүжигчилсэн тоглолтыг өнөөдөр хүүхдүүдэд сонирхууллаа” гэсэн юм.





Дэлхийн зөн” байгууллага, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын таван жилийн аяныг 2017 оноос үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог болон хүүхэд хүмүүжүүлэх аргын талаар хийж буй ажлуудаа танилцууллаа. Хүүхдийн баярын өдрийн талаар бид иргэн Б.Дугаржавын саналыг сонсвол, “Нийгмийнхээ хөгжлийг дагаад хүүхдийн баяр их өргөн дэлгэр сайхан болдог болжээ. Манай улс ганцхан хүүхдийн парктай. Гэтэл тавдугаар сарын 30-наас эхлээд л байнгын ачаалал ихтэй байдаг нь хүүхдүүдээ тоглуулахад хүндрэл үүсгэдэг болж. Зургадугаар сарын 1-нийг баяр гэхээсээ илүү хүүхдүүд рүүгээ чиглэсэн хэрэгтэй ажлыг хийгээсэй” гэсэн юм.

Б.Халиун, М.Батчимэг

Гэрэл зургуудыг Б.Чадраабал, Н.Батбаяр

Холбоотой мэдээ