У.Хүрэлсүх: Үр хүүхдээ хамгаалахаас бидний ирээдүй шалтгаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-01 14:56:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагаа, урлагийн тоглолтыг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд 11.00 цагт албан ёсоор нээлээ.

“Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй хүүхдийн баяр, хүндэтгэлийн тоглолтод нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагын 1500 орчим хүүхэд багачууд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийн дагуу Засгийн газраас хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хууль захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор манай улс 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил-хамгааллын жил болгон зарлаад байгаа юм.


У.Хүрэлсүх: Энэ өдөр хүрэлцэн ирсэн аав нартаа чинь сэтгэлээсээ баярлаж байна


Хүүхдийн баярт Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр, “Өнөөдөр бол хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баярын өдөр. Би бага байхдаа хамгийн дуртай баяр болох энэ өдрийг ээжтэйгээ паркаар зугаалж өнгөрүүлдэг байсан. Аав маань ажил ихтэй жолооч хүн учраас завгүй, хамт байж чаддаггүй байж билээ. Хүүхдүүдэд хамгийн ойр байдаг хүн нь ээж нар байдаг. Тийм учраас энэ өдрийг Эх, үрсийн баяр гэж нэрлэсэн юм байна гэдгийг би том болсон хойноо ойлгож байна” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн юм.





Тэрээр цааш нь, “Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой зүйл их гарч, бяцхан хүүхдүүдийн маань эрх зөрчигдөж, алтан амиа алдаж байна. Энэ бүхэнд бидний сэтгэл санаа маш их зовж байна. Хүүхэддээ хамгийн их санаа тавих ёстой хүмүүс бол эцэг эхчүүд, тэр дундаа эрчүүд гэдгийг хэлмээр байна. Тиймээс энэ өдөр хүрэлцэн ирсэн аав нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна.

Эр хүн гэр бүлээ тэжээж, хамгаалах үүрэгтэй. Тийм ч учраас улс орныхоо хамгийн хүнд хүчир ачааг монгол эрчүүд нуруун дээрээ үүрч авч явах ёстой. Та бүхэн үр хүүхдээ хэрхэн хамгаалж байгаагаас бидний ирээдүйн хувь заяа шалтгаална. Эхнэр, хүүхдээ хамгаалж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, цаг зав зориулах, анхаарал халамж тавих хэрэгтэй” гэсэн юм.   


С.Амарсайхан: Хүүхэд та бүхний өмнө хотын захиргааны үүд үргэлж нээлттэй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн С.Амарсайхан, “Бид  хүүхэд багачуудын эрүүл аюулгүй өсөж сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахын төлөө ТББ-ууд болон эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчидтэй хамтран ажиллаж байна. Жишээ,  2019 онд улс нийслэлийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар цэцэрлэг барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.








Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах хөгжих чиглэлд дэмжлэг үзүүлэх бүх төрлийн үйлчилгээний ажил зохион байгуулж байна. Хүүхэд та бүхний өмнө хотын захиргааны үүд үргэлж нээлттэй байх болно” гэв.

Төв талбайд Хүүхдийн баярын энэ өдөр хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон ТББ-уудын төлөөлөл хүүхэдтэй холбоотой, тэдний төлөө хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, хүүхдийн эрхийн талаар мэдээлэл хийж, сурталчилгаа явуулж байна.

Баярын нээлтэд УИХ-ын зарим гишүүд, ХНХ-ын сайд С.Чинзориг, НИТХ-ын удирдлага оролцлоо.  

Б.Халиун

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ