П.Энхжаргал: Хүүхэд төрүүлж өсгөх нь бидний үүрэг, хөдөлмөр юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-01 13:21:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд эхчүүдийг хүлээн авч Эхийн алдар одон гардуулан баяр хүргэсэн юм.

Өнөөдөр төрийн тэргүүнээс хамгийн анхлан нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хорооны иргэн А.Даваасүрэн, Баянгол дүүргийн 15-р хорооны иргэн Б.Сэлэнгэ, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн С.Азжаргал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Д.Алтантуул, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Б.Бат-Эрдэнэ  нарын эхчүүд Эхийн алдарын 1-2-р зэргийн одон гардан авав.




Тэдний нэг Сэлэнгэ аймгаас ирсэн П.Энхжаргалтай уулзвал, “Би зургаан хүүхэдтэй. Том нь 11-р ангид, дараах нь 9, 5-р ангид тус тус сурдаг. Таван настай хоёр ихэр хүүтэй. Хамгийн бага маань одоо ой гурван сартай. Одоогоор хүүхдээ хараад гэртээ сууж байна. Уг нь би барилгын инженер мэргэжилтэй.

Өнөөдөр Монгол Улсынхаа Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн одон гардан авсандаа их баяртай байна. Энэ бол эхчүүд бидний хөдөлмөрийг төрөөс үнэлж буй хэрэг юм. Хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг бидний үүрэг, цаг наргүй хөдөлмөр. Одон гардан авах талаар хотоос над руу утасдаж, тэгээд аймгийнхаа шугамаар нийслэлд ирж Төрийн ордондоо анх удаа орж үзлээ. Өнөөдөр сайхан өдөр байна” гэсэн юм.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ