В.Путин, Т.Эрдоган нар уулзахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-31 12:31:47

АНКАРА. /TASS/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьж, Япон улсад болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахаар тохиролцжээ. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд дурджээ.


“Ерөнхийлөгч Т.Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар яриа хэлэлцээ хийсэн. Энэ үеэр Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм Идлибийн өмнө зүгт цохилт өгсний улмаас энгийн иргэд, оршин суугчид илүү их хохирч байгааг таслан зогсоох шаардлагатай байгаа тухай Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн. Түүнчлэн дүрвэгсдийн шинэ урсгал бий болж, манай улс руу давалгаалан орж ирж магадгүй байгаагаас зайлсхийх шаардлагатай байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн. Мөн гал зогсоох дэглэм тогтоож, сөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахад дахин төвлөрөхийг санал болгосон” хэмээн албан ёсны мэдээнд дурджээ. 

Холбоотой мэдээ