Бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний хадгалах хугацааг нэг бүрчлэн шалгахыг зөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтэс, Хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах нийгэмлэгээс нийт эцэг эхчүүдэд хандаж зөвлөмж хүргүүллээ.
Зөвлөмжид, баярын өдрөөр хүүхэддээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найдвартай газраар үйлчлүүлэх, боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн үзэж шалгах, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгыг унших боломжгүй, эргэлзээтэй бүтээгдэхүүн сонгохгүй байхыг анхааруулжээ.
Мөн хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх /дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80 гр сахар агуулагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай юм/, амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байхыг /жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/ сануулав.
Түүнээс гадна хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах, бялуу, хиам, зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах, халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байхыг зөвлөсөн юм.
Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Тиймээс гудамж талбайд ил задгай, машины ард болоод худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх нь үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлнэ гэдгийг мөн сануулж байна.