Тайванийн Зэвсэгт хүчин Хятадын "довтлолтын" эсрэг сургууль хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-31 12:07:25

БЭЭЖИН. /RIA Novosti/. Тайванийн армийн Агаарын цэргийн, Тэнгисийн цэргийн болон хуурай замын хүчин Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ “довтлолтын” эсрэг жил бүрийн цогц сургуулиа пүрэв гарагт хийлээ гэж тус арлын батлан хамгаалах байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ.


Уг сургуулийг Тайванийн өмнөд хэсэгт оршдог Пинтун тойрогт хийсэн байна. Тус тойрогт цэргийн нисэх хүчний бааз байдаг аж. Жил бүр хийдэг "Хань гуан" цэргийн сургуулийн гол зорилго нь далай тэнгис, агаар, газарт ажиллагаа явуулах үед үйл ажиллагаагаа уялдуулах төлөвлөгөө боловсруулах юм. Энэ жил уг сургууль тав хоног үргэлжлэх бөгөөд 3000 орчим цэрэг оролцох аж.


Тайванийн цэргүүд пүрэв гарагт ХАЧА-ийн тэнгисээс хийж болзошгүй дайралтыг няцаах төлөвлөгөө боловсруулахдаа F-16 сөнөөгч онгоц, эх орны үйлдвэрлэлийн Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах сөнөөгч нисэх онгоцууд, Cobra AH-1W нисдэг тэргүүд, Apache нисдэг тэргүүд, явган цэргийн “СМ-34 Clouded Leopard” найман дугуйт байлдааны машинууд, мөн эргүүлийн хөлөг онгоцууд зэрэг Тайванийн армийн зэвсэглэлд буй хамгийн орчин үеийн зэвсгүүдийг туршжээ.


 


Холбоотой мэдээ