Хүүхдийн баярын хөтөлбөр гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр аймгийн төвд зохион байгуулах үйл ажиллагаануудын хөтөлбөр гарсан байна.
Өнөөдөр “Хүүхдийн нүдээр” гар зураг, захидал, сэтгэлийн илгээмж уралдаан, экскурс аяллыг аймгийн БСУГ-т зохион байгуулж байна. Энэ сарын 31-нд эрсдэлт нөхцөл дэх хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх “Амьдралын гараа” арга хэмжээ аймгийн ЗДТГ-ын иргэний танхимд болно. Мөн “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол Наадмын талбайд болох юм.
Харин 6 дугаар сарын 1-нд “Инээж буй хүүхэд” баярын нэгдсэн үйл ажиллагаа тусгай хөтөлбөрөөр Наадмын талбайд болно. Энэ үеэр үндэсний хувцастай 500 хүүхдийн баярын парад, “Авьяас” уралдааны шилдэг 200 хүүхдийн тоглолт, таэквондогийн 200 хүүхдийн үзүүлбэр, “Ойрад” театрын жүжигчдийн тоглолт, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагчдын тоглолт, аймгийн “Манлай гэр бүл” шалгаруулах ёслолын ажиллагаа, “Хүүхдийн ертөнцөөр аялахуй” бүтээлийн үзэсгэлэн, төгсөх ангийн шилдэг сурагчдыг алдаршуулах ёслолын ажиллагаа, шинээр төрсөн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион явуулна.