Косовогийн сербүүд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕЛГРАД. /TASS/. Сербийн өөртөө засах хязгаар нутаг болох Косово, Метохия мужийн байдал мягмар гарагийн шөнө болон лхагва гарагийн өглөөний туршид тайван байлаа. Сербийн "РТС" үндэсний телевизээр мэдээлснээр, орон нутгийн цагаар үд дундад энд Косовогийн сербүүдийн эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн байна.
“Юуны өмнө бид эв нэгдэлтэй гэдгээ харуулахыг хүсэж байна. Бид энх тайвныг хүсэж байна. Бид Приштина болон олон улсын хамтын нийгэмлэгт хэр олуулаа вэ гэдгээ, Косовогийн цагдаагийн тусгай хүчнийхний явуулсан ажиллагаанаас айгаагүй гэдгийг харуулахыг хүсэж байна” гэж “Сербийн жагсаалт” намын дарга Горан Ракич тус телевизээр мэдэгдсэн байна.
Өчигдрийн ажиллагааны үеэр Косовогийн цагдаа нар гурван эмэгтэйг баривчилсан бөгөөд тэдний талаар мэдээлэл байхгүй байна гэж Ракич мэдээлжээ. Түүний мэдээлснээр, нөхцөл байдалд цаг алдалгүй хариу арга хэмжээ авах хямралын штабыг Косово-Митровицад байгуулсан байна. Уг штабын зорилго нь Косовогийн эрх баригчдын явуулж буй үйл ажиллагаанд байнгын ажиглалт хяналт тавих юм.
Түүний хэлснээр, хууль бусаар баривчилсан энгийн иргэдийг суллахыг “Сербийн жагсаалт” нам Косовогийн эрх баригчдаас шаардаж байна.