Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлан байгуулалцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн профессор, Ю.Цэдэнбалын Академийн дэд ерөнхийлөгч, түүхийн ухааны доктор Ц.Жамбалсүрэн "Ю.Цэдэнбал МУИС-ийг бүтээлцсэн нь" шинэ номын нээлтээ өнөөдөр МУИС-ийн дугуй танхимд хийлээ. Номын нээлтээр МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар "Монголын нам, төрийн жолоог тасралтгүй 44 жил залуурдсан Ю.Цэдэнбал маршал Х.Чойбалсангийн хамт МУИС-ийг санаачлан үүсгэн байгуулжээ. Ахмад багш Н.Жамбалсүрэн МУИС-ийн судлал, Ю.Цэдэнбалын судлалаар олон жил ажиллахдаа шинэ ном бүтээн туурвисан нь МУИС-ийн түүхийг цаашид гүнзгийрүүлэн судлах, оюутан залуучуудыг эх оронч үзэл, түүхээ, ахмад үеэ хүндэтгэдэг чанарыг харуулж байна. Бид МУИС-аа Монголдоо төдийгүй Азийн шилдэг судлагааны их сургууль болгохын төлөө хичээн ажиллах болно" гэв.
Н.Жамбалсүрэнгийн энэ шинэ ном Ю.Цэдэнбал судлалын хувьд 22 дахь боть, МУИС-ийн хувьд анхны бүтээл болж байна. Номонд Ардын багш Ч.Авдай, гавьяат хуульч Ж.Амарсанаа, МУГБ Ж.Баянсан нарын дурсамж, Ю.Цэдэнбалтай олон жил хамтран ажилласан нам төрийн зүтгэлтэн асан Б.Ширэндэв, Ж.Батмөнх, С.Жалан-Аажав, Ц.Готов зэрэг олон хүний дурсамжийг багтаасан нь түүхэн үнэ цэнэтэй болжээ зочлон ирсэн багш, эрдэмтэн, нийгэм, соёлын зүтгэлтнүүд ярьж байлаа. 83 хүний дурсамж болон архив, түүхийн баримт, ховор гэрэл зургууд орсноороо зузаан ч ном болжээ. Тиймээс номын зохиогч Н.Жамбалсүрэн Ю.Цэдэнбал улс төрийн удирдлагад гарч ирсний 80 жил, МУИС-ийн 78 жилийн ойд бүтээлээ зориуллаа гэдгээ онцолсон юм.