Монголын аялал жуулчлалын нэгдсэн бодлого боловсруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ногоон
хөгжил-аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн хүрээнд Монгол орны аялал жуулчлалыг хөгжүүлэх баримт бичгийг боловсруулжээ.
Манай улсын хувьд, эртний
түүхийн өлгий нутаг, түүхэн олдворууд, ёс заншил уламжлалд түшиглэн,
аялал жуулчлалыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх нь илүү үр дүнтэйг дээрх баримт
бичигт дурджээ. Мөн газар нутгийн онцлогийг харгалзан босоо тэнхлэгийн дагуу,
Баянхонгор аймгаас Архангай-Өмнөговь гэсэн чиглэл (маршрут) гаргах, ингэснээр Улаанбаатар-Өмнөговь-Улаанбаатар
гэсэн маршрутаар явдаг одоогийн аялал жуулчлалын чиглэлийг өөрчлөн, жуулчдад илүү
олон газраар аялах боломжтой болно гэж судалгаанд үндэслэсэн саналыг тусгасан байна.
“Ногоон хөгжил-аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийнхөн хэлэхдээ, “Бид өнгөрсөн гурван жил 10 баг болж гадаадын 23 улсаар орсон. Эх орноороо 60-80 мянган км аялж аялал жуулчлалын нөхцөл байдлыг харьцуулан судалсан. Ер нь бол, Монгол орон өргөн уудам газар нутагтай учраас автозам, нислэг, замын сүлжээгээ илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй нь харагдаж байна. Дээрээс нь олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх, хамгийн гол нь Монголыг зорин ирж буй жуулчдад хандсан үндсэн бодлогыг судалгаатай гаргах ёстой байна.
Заавал хоёр сая жуулчин авна гэхээсээ илүү, манай орныг зорин ирж буй жуулчдад хэрхэн үйлчилж, ямар түвшинд ажиллах ёстой гэсэн санааг бид гаргасан байгаа” гэлээ. Үүнийгээ одоо аялал жуулчлалын бодлогын бичиг баримтад тусгахаар төлөвлөжээ.
Манай орны тухайд, 70
сая жилийн өмнө байсан үлэг гүрвэл, Хүннү гүрний 700 мянган жилийн түүхээс авахуулаад одоог хүртэлх он цагийн товчоон гаргаад
байна. Үүний эхний
хэсэг буюу хүн төрөлхтөн үүсэж, эртний ан амьтад байсан олдворыг
сурталчлах, түүх, соёлынхоо энэхүү
улбаан дээр тулгуурлан аялал жуулчлалаа хөгжүүлэх ёстой гэсэн санааг аялал жуулчлалын нэгдсэн бодлогод тусгаад байна. Ер нь, дэлхийн
түүхээс харахад аялал жуулчлалыг тухайн
үеийн шилдэг архитекторууд нь
хөгжүүлсэн байдаг. Египетийн
пирамидаас авахуулаад, Энэтхэгийн Таж Махал гээд түүхийн дурсгал, мянга
мянган жилийн өмнөх зүйлээрээ
тухайн
улс орнууд аялал жуулчлалаа
хөгжүүлж, өнөөдрийг
хүрсэн жишгийг бид мөн дагах
ёстой гэсэн санааг дэвшүүлээд байна.