Өрсөлдөх чадвараар Сингапур тэргүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-05-29 11:52:29

ЛОЗАННА. /TASS/. Швейцарын Лозанна хотод төвтэй Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгээс /International Institute for Management Development, IMD/ гаргадаг дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын жагсаалтыг Сингапур тэргүүлжээ.


Сингапур 2010 оноос хойш анх удаа уг жагсаалтыг тэргүүлснийг IMD-гийн цахим хуудсанд гарсан хэвлэлийн мэдээлэлд онцолсон байна. Тус улс байраа ахиулж нэгдүгээрт бичигдсэний шалтгаан нь дэвшилтэт технологийн дэд бүтэц, мэргэшсэн ажиллах хүчний хүрэлцээтэй байдал, цагаачлалын таатай хууль тогтоомж болон бизнес эрхлэх таатай нөхцөл болжээ. Жагсаалтын хоёрдугаарт, Хонконг орсон бол АНУ тэргүүлэх байр сууриа алдаж, гуравдугаарт бичигдсэн байна. Америкийн өрсөлдөх чадварт нефтийн өндөр үнэ, мөн өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийн экспорт суларсан болон ам.долларын тогтворгүй ханш сөргөөр нөлөөлжээ.


Хэвлэлийн мэдээллээс үзвэл, нефть, хий үйлдвэрлэгч улс орнуудын өрсөлдөх чадварт их хэмжээний орлого нь тус болсон байна. Тухайлбал, Саудын Араб 13 байраар дээшилж, 26 дугаарт бичигдсэн бол Катар 2013 оноос хойш анх удаа эхний 10-т багтав.


Түүнчлэн Индонез улс 32 дугаар байраас дээшилж, 11 дүгээрт бичигдсэн бол АНЭУ тавдугаарт орж, анх удаа эхний тавд багтсан байна.


Жагсаалтын сүүлийг Венесуэл улс мушгижээ. Өмнөд Америкийн тус улсын эдийн засгийн хувьд гол дөрвөн шалгуурын гурвынх нь үзүүлэлт хамгийн муу гарчээ. Харин Монгол Улс урьдын адил сүүлээсээ хоёрдугаарт бичигдсэн байна.


IMD дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын жагсаалтыг 1989 оноос хойш жил бүр гаргаж байгаа юм. Энэхүү жагсаалтыг гаргахдаа улсын орнуудын өрсөлдөх чадварыг 260 орчим шалгуураар үнэлж дүгнэдэг байна. 


Холбоотой мэдээ