Э.Оюунтэгш: Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-29 08:18:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсаас хойд хөрштэй харилцах эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Энэ талаар Монгол Улсаас ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгшээс тодрууллаа.

-ОХУ-ын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл манай улсад сүүлийн жилүүдэд их ирэх болсны шалтгаан юу вэ?

-Сүүлийн жилүүдэд Европын холбооноос ОХУ-д эдийн засаг, худалдааны хориг тавьсантай холбоотойгоор хойд хөрш эдийн засаг, бизнесийн хувьд Европ руу гарахаа больж Ази руу, тэр дундаа манай улс руу чиглэсэн хамтран ажиллах бодлого барьж байгаа. Экспортоо  дэмжих үүднээс ОХУ-ын Засгийн газар хөтөлбөр гаргаж энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Тус улсын бизнесийн төлөөлөл хамтран ажиллах, судлах байдлаар манай улсад нэлээн ирэх боллоо.

Хамгийн сүүлд, ОХУ-ын ЖДҮ-ийн экспортлогчдын дэмжих төв, зарим мужийн Бизнесийн үйл ажиллагааг дэмжих сангийн шугамаар Владимор болон Эрхүү, Свердловск мужийн уул уурхай, эрчим хүч, мал эмнэлэг, хүнс, ХАА, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн 10-аад аж ахуйн нэгжийн төлөөлөгч саяхан манай улсад ирж бизнес уулзалт хийгээд явлаа. Манай “Эрдэнэт”, “МАК”, “Милко” зэрэг үйлдвэр, мал эмнэлгийн хүрээлэнгээр орж монгол малыг эрүүлжүүлэх, чанартай тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх талаар хамтран ажиллах боломжийг судлаад явлаа.

Энэ нь энэ жилийн хувьд, ОХУ-аас манайд ирж буй тав дахь удаагийн төлөөлөл болж байна. Ирэх долоо хоногт бид Томскийн төлөөллийг хүлээн авна. Зургадугаар сарын 26-28-нд ОХУ-ын Красноярскт Орос, Монгол, БНХАУ-ын гурван улсын ХАҮТ-ын дарга нарын уулзалт болно. Мөн наймдугаар сарын 15-17-нд Эрхүү хотноо гурван улсын олон улсын бизнес уулзалт зохион байгуулахаар болоод байна.

Ийм байдлаар сүүлийн үед Монголын талаас ОХУ-тай хамтран ажиллах явдал нэлээн өргөжих боломжтой байна. Энэ тавдугаар сарын сүүлээр ГХЯ-нд ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болно. Энэ үеэр бид мөн л Оросын гааль, импортын татвар өндөр байгаа талаар хөндөж, хоёр орны харилцааг эрчимжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө хамтын ажиллагааны боломжийг гаргах талаар ярилцана.

-Манай улс ОХУ багтдаг Евроазийн холбоотой идэвхтэй ажилласнаар Монголын бараа, бүтээгдэхүүн хойд хөрш рүү хөнгөлөлтэй гарах боломжтой юу?

-Энэ холбоо өмнө нь Гаалийн холбоо гэж байгаад өргөжин ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армени улсууд нэгдээд Евроазийн Эдийн засгийн холбоо болсон юм. Эдгээр улс нь хоорондоо гаальгүй, адилхан стандарт бүхий дүрэм журамтай эдийн засгийн нэгдсэн орчинг бий болгоод байгаа юм. Тэгэхээр манай улсын бараа, бүтээгдэхүүн ОХУ руу гарлаа гэхэд цаад дөрвөн орны зах зээлд мөн адил чөлөөтэй нэвтрэх боломжтой юм. Гэхдээ жишээ нь, манай хүнсний бүтээгдэхүүн хойд хөрш рүү экспортлогдлоо гэхэд Евроазийн холбооны тэр дүрэм, стандартад нийцсэн байдлаар гарах учиртай.

Хоёр жилийн өмнө манай ГХЯ-нд Москвагаас Евроазийн эдийн засгийн холбооны төлөөлөл, комиссоос нь сайд нар ирээд манай улсын МХЕГ, Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Тэр гэрээний зорилго нь Евроазийн холбоонд мөрдөж буй стандартад нийцсэн байдлаар бараа, бүтээгдэхүүндээ дагаж мөрдөн боловсруулж байхаар болсон юм. Тиймээс бид бараа, бүтээгдэхүүнээ тэр стандартын дагуу бэлдээд гаргахад л болох юм.

-ОХУ-ын хил, гааль дээр импортын татварын хэмжээ өндөр хэвээр байгаа. Үүнийг яах вэ?

-Тиймээ, жишээ нь, манай ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргахад татвар нь 46 хувь өндөр байгаа. Үүнийг багасгах хүсэлтээ бид ОХУ-ын талд тавьсан. Судлаад үзэхэд, Евроазийн холбоотой манай улс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал татвар өөрчлөгдөнө гэж үзэж байгаа. Харин ОХУ-аас манай улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах биш, дээрх холбооны зургаа дахь гишүүн болж элсэх санал тавиад байгаа.

-Одоо манай улс тус холбоотой ямар байдлаар харилцаж байгаа вэ?

-Манай улс ажиглагчийн статустай байгаа. Гишүүнээр элсэх явдлыг сайн судлах хэрэгтэй юм. Үүнийг нөгөө талаар манай бусад хамтрагч, хандивлагч улс орнууд юу гэж харах вэ гэдэг зүйл бий. Тиймээс бид Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх явдлыг бүх талаар судалж үзэх ёстой болоод байна.

Хэрэв ОХУ манай хоёр орны хооронд харилцан татвар багасах бол (гишүүнээр элссэн нөхцөлд) манай гадаад худалдаанд том хувийг эзэлдэг ОХУ-ын дэргэд манай улсаас Оростой хийдэг гадаад худалдааны 10-хан хувь дээрээ бид хөнгөлөлт авч хохирох байдал бас бий. Тиймээс Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд ажиглагчаараа байж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж худалдаан дээрээ адилхан хэмжээгээр хөнгөлөлт эдэлье гэсэн байр суурьтай байгаа.

Б.Болд

Холбоотой мэдээ