Хүүхдийн баярын өмнө “Хүүхдүүдээ сонсох” өдрийг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-28 17:12:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гарагийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлээд байна.

Дээрх өдөр нь маргааш, тавдугаар сарын 29-нд тохиож байна. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэх талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, соёл урлаг, эрүүл мэндийн болон цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагуудаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул хэлэхдээ, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж бид энэ жил нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тэмдэглэж,  “Хүүхэд бидний аюулгүй орчин“ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгийг угтан нийслэлийн 9 дүүрэгт хүүхдийн чуулган хийсэн. Тэнд хүүхдүүд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн эрх ашиг, нөлөөлж байгаа зүйлийн талаар саналаа хэлцгээсэн. Үүнийг хүүхдүүд хэлэлцүүлгээр эцэг эх, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэнэ” гэв.


Харин зургадугаар сарын 1-ны өдөр уламжлал ёсоор хүүхдийн баяр Д.Сүхбаатарын талбайд 11-13 цагийн хооронд болох талаар мөн мэдээллээ. Энэ удаа хүүхдийн баярыг өнгөрсөн жилүүдийн адилаар “Монгол хүүхдүүд” сэдвийн дор тэмдэглэхээр болжээ. Баярын өдөр хүүхдүүдийн аюулгүйн байдлыг хангаж талбайн зүүн, баруун тал болон ойр орчмын зарим замыг хаах талаар мэдээллээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр жил болгон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ жил нийт 18 эмч, эмнэлгийн ажилтан хүүхдийн баярийн өдрөөр ажиллана. Мөн хүүхдүүд төөрөхөөс сэргийлж эцэг, эхчүүдийн утасны дугаарыг тэмдэглэсэн бугуйвч тарааж, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Соёл амралтын хүрээлэнд яаралтай тусламжийн цэг ажиллуулах аж.

Нийслэлийн цагдаагийн албанаас 1500 шахам цагдаагийн албан хаагч бяцхан үрсийн аюулгүй байдлыг хангахаарр 24 цаг ажиллах юм. Баярын өдрүүдээр эцэг, эхчүүд хүүхдүүддээ чанарын баталгаагүй хүнс худалдан авахгүй байхыг анхааруулж, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, аль болох нийтийн тээврээр, түгжрэхгүйгээр зорчихыг зөвлөлөлөө.

Б.Халиун

Холбоотой мэдээ