ЖДҮ-ийн төслийг ирэх сарын 10-ныг дуустал хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-28 17:15:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. Шинэчлэн батлагдсан журмын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ЖДҮ эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ. 

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилготой дээрх зээлд хамрагдах төслийн саналыг аймгийн ХХААГ-т зургадугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авах юм байна. 

Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоожээ. Зээлийн ерөнхий нөхцөлийн хувьд зээл олгох хугацаа 5 жил, сангаас шууд олгох зээлийн жилийн хүү 3 хувь, банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ 8 хувиас ихгүй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сар байх аж.

Энэ онд Арьс шир боловсруулах, Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, Барилгын материал үйлдвэрлэх, Хог хаягдал, дахин боловсруулах, Мал, амьтны тэжээл үйлдвэрлэх, Ноос, ноолуур боловсруулах, Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Сав баглаа боодол үйлдвэрлэх, Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах, Туслах аж ахуй, Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон бусад салбарт урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох юм байна.

Холбоотой мэдээ