“Шар хантаазтнууд”-ын жагсаалд 12 мянга орчим хүн оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-26 11:57:55

ПАРИС. /France Info/. Францад “шар хантаазтнууд”-ын 28 дахь удаагаа зохион байгуулсан жагсаалд 12500 орчим хүн оролцсон нь 2018 оны 11 дүгээр сарын 17-нд эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаануудаас хамгийн цөөхөн хүнтэй жагсаал болжээ. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлэв.


Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн эсэргүүцлийн ажиллагаанд 15500 орчим хүн оролцсоноос 1600 орчим нь Парис хотод жагссан байна. Харин жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр, өчигдрийн эсэргүүцлийн ажиллагаанд 34 104 хүн оролцсон бол өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт 42128 хүн жагсжээ.


Францын нийслэл Парис хотоос гадна Амьен, Кан, Белфор, Тулуза болон өөр хэд хэдэн хотод жагсаал болсон байна. Түүнчлэн баасан гарагийн орой дэлбэрэлт болсон Лион хотод 3000 орчим хүн жагсжээ. Францын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, тус хотод “шар хантаазтнууд”-тай уур амьсгалыг хамгаалахыг шаардсан жагсаалд оролцогчид нэгдсэн байна.


“Шар хантаазтнууд”-ын бямба гараг бүр зохион байгуулж буй жагсаал 2018 оны 11 дүгээр сарын 17-нд эхэлсэн юм. Тэд эхлээд автомашины түлшний үнийг нэмснийг эсэргүүцэн жагсаж байв. Гэвч дараа нь "шар хантаазтнууд" эрх баригчдад тавьж буй шаардлагадаа нийгэм-эдийн засгийн төдийгүй улс төрийн асуудлуудыг оруулсан байна.


Холбоотой мэдээ