Орхон суманд АШУҮИС-ийн багш, эмч нар үзлэг хийж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-05-26 13:33:32

Булган /МОНЦАМЭ/ Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар Орхон сумын иргэдэд урьдчилан сэргийлэх гурван өдрийн үзлэгийг хийж байна. Энэ үеэр Анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, академич, Монгол Улсын хүний гавьяат эмч Цэрэнхүүгийн Лхагвасүрэнтай уулзаж цөөн хором ярилцлаа.


          - Хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран үзлэг, оношилгоо хийж байна. Ямар хугацаатай ажиллах вэ?

- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар Орхон сумын иргэдэд урьдчилан сэргийлэх гурван өдрийн үзлэгийг хийж байна.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг бол сум орон нутагтаа тус дэмтэй хэрэгтэй ажил. Иргэдийг хамарсан үзлэг тэр бүр аймгийн төв, Улаанбаатар хот яваад байх цаг зав, хөрөнгө хүчний бололцоо муутай иргэд, малчдад их тустай байдаг. Энэ үүднээс хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх нь тэдэнд тус дэм болох багагүй ач холбогдолтой үйлс.

Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй байлгах гэдэг асуудал их чухал байна. Иймээс нарийн мэргэжлийн  эмч нарын  үзлэг сумдаар явж үйлчилж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж, тэдний зардал, чирэгдлийг багасгаж байгаа хэрэгтэй ажил гэж үздэг.

- Орхон суманд онцлон ажиллаж байгаагийн зорилго юу байна вэ?

- Миний хувьд Булган аймгийн Орхон суманд энэ ажлыг хийж байгаадаа сэтгэл таатай байгаа. Миний аав, ээж хоёр энэ суманд цагийн араншингаар алба хашиж Халиун бригадын даргаар нэлээд хэдэн жил ажилласан. Амьдралынхаа сайхан хугацааг Булган аймагт өнгөрүүлсэн. Ялангуяа Халиуныхан миний аав ээжийг тэвэрч авч угтаж бидэнд сэтгэлийн сайхан дэм хайрлаж явсанд нь үр хүүхдүүд нь “хариу нэхээгүй тус” гэдэг шиг чадах чинээгээрээ тус хүргэх юмсан гэсэн сэтгэл өвөрлөж явдгийн нэгэн жишээ энэ юм.

- Танай багт ямар нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үйлчилж байна вэ?

- Энэ ажилд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэргэжлийн багш нар ирж ажиллаж байна. Тухайлбал эх барих эмэгтэйчүүдийн эмч, доктор, профессор Ж.Энхцэцэг, зүрс судасны эмч, багш, доктор, профессор Б.Бурмаа, нүдний тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Уранчимэг, мэдрэлийн эмч, багш, доктор, профессор А.Товуудорж, хүүхдийн эмч, доктор, профессор П.Хэрлэн, дүрс оношилгоо зэрэг 8 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж байна.

Хөдөөгийн иргэд нэлээд ирж байна. Сум орон нутагтаа бололцооны хэрээр туслаад байвал хөгжил дэвшил урагшилна.

- Үзлэг оношилгооны дараа эмчлэх, эрүүлжүүлэх талаар ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол?

- Үзлэгийн дараа тайланг гаргаад Орхон сумын иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа эмгэгүүд юу байна. Юунаас шалтгаалж байгаад судалгаа хийнэ.

Үзлэг оношилгоогоор гүнзгийрүүлсэн эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст тусална. Сумын эрүүл мэндийн төв, удирдлагатай хамтран ажиллана гэж бодож байна.

          - Танд баярлалаа.

Гавьяат эмч Лхагвасүрэнгийн аав Ш.Цэрэнхүү 1960-аад оны эхээр “Намын эсрэг бүлгийн гишүүн” хэмээн хэлмэгдэн нутаг заагдаж, Булган аймгийн Орхон сумын Халиун бригадын даргаар томилогдон үр бүтээлтэй ажиллаж байсан нэгэн юм. 

Холбоотой мэдээ