Эрт илрүүлгийн цогц үзлэг оношилгоонд 67.0 мянга гаруй иргэнийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-23 23:06:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Аймагтаа төдийгүй улсад брэнд болж байгаа “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, хүн амын мэдээллийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг оношилгоо” хоёр дахь эргэлтээ 17 сум, 6 тосгонд хүргэх үүрэгтэйгээр анхны үзлэгээ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоноос эхлүүллээ.  

Тэд энэ удаа тус тосгоны үзлэгт хамрагдвал зохих хүн амын 47.6 хувь нь буюу 847 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсэн байна

2016 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Засаг даргын санаачилгаар “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, хүн амын мэдээллийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг оношилгоо”-г Шаамар сумын Дулаанхаан тосгоноос эхлүүлж байсан юм.

Энэ цагаас хойш даруй хоёр жил 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд 17 сум, 6 тосгон буюу 22 нэгжид хүрч үйлчлэхдээ нийт 67.0 мянга гаруй иргэнийг эрт илрүүлгийн цогц үзлэг оношилгоонд хамруулж чаджээ. Тэд хавдартай болон хавдрын урьтал өвчин эмгэгүүдийг эрт үед нь оношилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан зэрэг олон давуу талууд бий болгон ажиллажээ.

Энэхүү аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа эрт илрүүлгийн цогц үзлэг оношилгоог хөдөөгийн иргэд хүсэн хүлээдэг үйлчилгээний нэг болоод байгааг үзлэгийн үеэр тус тосгоны захирагч Ж.Ганболд онцолж байлаа. Учир нь үзлэгт хамрагдаж байгаа иргэд өөрсдийн эрүүл мэндийг ямар байгааг хянах улмаар өвчин эмгэг туссан тохиодолд эрт үед нь оношилж эмчлэх боломжтой байдаг тул сум бүрт хүрч үйлчилж байгаа энэхүү үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг ч тэр уриалсан юм.

Аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд хоёр жил таван сарын хугацаанд идэвхтэй ажилласны үр дүнд халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг тогтмол эргэлтэд оруулж, сум тосгодод хүрч үйлчилснээр эл өвчлөлийг бууруулахад чухал нөлөө үзүүлж чаджээ.

Дулаанхаан тосгоны хувьд жижиг газар хэдий ч хүн ам олонтой, явуулын оршин суугч ихтэй, халдварт болон халдварт бус өвчлөлийн  гаралтууд тодорхой хувийг эзэлдэг зэрэг онцлог байдалтай. Иймээс энэ удаагийн үзлэгт 15-аас дээш насны бүх иргэдээ хамруулан ажиллажээ. Энэхүү эрт илрүүлгийн үзлэгт дотор, мэдрэл, чих хамар хоолой, нүд, эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд зэрэг нийт 12 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар цээжний хөндийн эмгэг, дотор эрхтэн болон зүрх судасны өвчлөлүүд мөн бусад төрлийн өвчин эмгэгүүдийг үзэж оношилж байгаа юм. 

Холбоотой мэдээ