Боксын спорт “Токио-2020” олимпын наадмын хөтөлбөрт багтлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-23 11:41:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын боксын холбоо /AIBA/-нд санхүүгийн болон зохион байгуулалтын зөрчил үүссэний дараа ОУОХ-ноос хийсэн Шинжээчийн хороо нь “Токио-2020” олимпын хөтөлбөрт сонирхогчдын боксыг оруулахыг зөвлөжээ.


"Харин олимпын боксын тэмцээнийг ОУОХ-ны удирдамжийн дагуу зохион байгуулах юм. Уг шийдвэрийг 2019 оны зургадугаар сард ОУОХ-ны хуралдаанаар баталгаажуулан “Токио-2020” олимпын наадмын боксын тамирчдын нийт квот нь 286 тамирчин байх бөгөөд нийт 8 тэмцээн байх аж. “Токио-2020” олимпын үр дүнгээс хамааруулан дахин хянаж үзэх болно" хэмээн албан ёсны ОУОХ-ны вэб сайтад онцолжээ.


Ийнхүү ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн өчигдрийн /2019.05.22/ хуралдаанаар Боксын спортыг “Токио-2020” наадамд албан ёсоор багтаасан нь дэлхийн олон тамирчид, дасгалжуулагчдын бэлтгэл сургуулилт, хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэн үнэлсэн үйл явдал боллоо.


AИБA-г ОУОХ-ны гишүүнчлэлээс түр хассан бөгөөд Боксын спортынхныг өнгөрсөн хугацаанд удирдлага, менежмент, санхүү, ёс зүй, шүүлтийн талаар шаардлагатай ахиц дэвшил гаргаагүй гэж шалгалтын Тусгай комиссын илтгэлд дурджээ.



Иймд олимпын боксын тэмцээнийг зохион байгуулахад АIBA-гийн оронд АНУ-ын мэргэжлийн боксын аль нэгэн холбоо /IBO байж магадгүй/-г ОУОХ сонгох магадлал өндөр боллоо. Учир нь ОУОХ-ноос дэмжиж байсан Казахстаны Серик Конокбаев нь АIBA-гаас тусдаа байгууллага эмхлэн, ОУОХ-г алгасан, шууд “Токио-2020” Зохион байгуулах хороотой Вoxing competition-ийг үгсэн зохион байгуулах гэнэн оролдлого хийсэн нь илэрч, итгэж байсан Каз ба Серик нарт олимпын том босс Т.Бах хаалгаа хаачихсан юм.


ОХУ-ын Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умар Кремлёв нь АIBA-гийн 16 сая ам.долларын өрийг хувиасаа төлөх албан захидал ОУОХ-нд илгээсэн ч авч хэлэлцсэнгүй. Харин Умар нь Луфтфулоев гэдэг нэрээ Кремлёв болгон сольсныг илрүүлэв.


АНУ-ын Сангийн яамнаас AIBA-гийн  eрөнхийлөгчөөр сонгогдсон Гафур Рахимовыг олон улсын тив дамжсан хар тамхины наймааны сүлжээний гишүүн хэмээн хар дансанд оруулснаа мэдэгдэж, ОУОХ түүнтэй хамтран ажиллахгүй гэдгээ зарласнаас боксын олимпын хувь заяа хэлбэлзэж эхэлсэн. Харин Гафур ажлаа өгч, Мароккогийн М.Мустахсане үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, ОУОХ –нд хэд хэдэн удаа бичиг илгээн хүсэлт тавьсан, мөн дээрх хурлын өмнө /05.20/ Лозаннд уулзалт хийсэн ч гишүүнчлэл, олимпын эрх мэдлээ хадгалж чадсангүй.


Боксын спорт нь “Сент-Луис-1904” наадмаас эхлэн олимпийн хөтөлбөрт /”Стокхольм-1912”-т багтаагүй , Шведийн хуулиар зодооныг хориглодог үе/ нийт олимпын хөтөлбөрт 24 удаа хамрагдсан юм. Монголын Улсын боксын шигшнн баг “Мюнхен-1972” олимпын наадмаас хойш 11 удаа олимпийн рингэнд өрсөлдөж, /1 алт + 2 мөнгө + 4 хүрэл/ = 7 медаль хүртсэн билээ.


Боксын спортынхон болон бокс сонирхогчдын хүсэн хүлээж байсан эерэг шийдвэр гарч “Токио-2020” олимпын наадамд боксын спорт багтсан нь хамгийн чухал юм. Монголын боксчид Токиогийн олимпын наадмын ринг дээр хүчээ сорих олон эрх авахын төлөө шамдан бэлтгэлээ сайн базаах хариуцлагатай цаг үе ирээд байна.

Холбоотой мэдээ