Австрали-Монголын харилцаанд шинэ хуудас нээгдлээ

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-03-28 16:23:07

КАНБЕРРА. /Eastasiaforum/. Ардчиллын өмнөх Монгол Улсад АНУ-ын Элчин сайдын яам байгуулах үндэс суурийг тавихаар тус улсын хоёр дипломатч 1987 оны хоёрдугаар сард дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотыг зорьсон нь амаргүй даваа байсан биз. Дараа жил нь АНУ-ын Элчин сайдын яам нээгдэхэд америк ажилтнууд нурж унах шахсан орон сууцанд амьдарч байсан бөгөөд түүнийгээ “Эвдэрхий цамхаг” гэж нэрлэсэн байна. Тухайн үеэс хойш олон зүйл өөрчлөгджээ.

Австралийн хамгийн сүүлийн Элчин сайд яам Монголд байгуулагдсан байгаа бөгөөд Улаанбаатар хотын төвд орчин үеийн цогцолбор хороолол дунд оршиж байна. Өнөөдөр Улаанбаатар хот шинэ баячуудын тэнгэр баганадсан барилгаар дүүрчээ.

2015 оны сүүлээр Австралийн Гадаад хэргийн сайд Жюли Бишоп, одоогийн ерөнхий консулын газрыг шинэчилж, Монголд Австралийн Элчин сайдын яамыг нээхээ мэдэгдэж, анхны Элчин сайдаар Жон Лэнгтриг томилсон билээ. Элчин сайдын яамаа Монголд нээснийг тус улсын Ерөнхийлөгч сайшаан, энэ нь хоёр улсын харилцааны чухал үйл явдал юм гэжээ.

Монголд Элчин сайдын яам байгуулах тухай наад зах нь таван жил хэлэлцсэн байна. Дипломат төлөөлөгчийн 20 газар, тэр дундаа, Монголд байгуулах тухай Олон улсын бодлогын “Lowy” хүрээлэн 2009 онд тайландаа дурдаж байсан удаатай. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭЗХАХБ/ гишүүн орнуудыг бодвол Австралийн дипломат ажиллагааны хүрээ хамаагүй жижиг байгааг уг тайланд онцолсон байна. 2012 онд Австралийн парламент санал хураалт явуулж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Гадаад хэрэг, худалдааны яамны санхүүжилт архаг хомсдолтой байгаад санал нэгдэж, үүний дагуу Улаанбаатар хотод Элчин сайдын яам нээх асуудлыг нэн тэргүүнд тавьсан байна. Эцэст нь 2015 онд Бишоп, Австралийн гадаад сүлжээг өргөтгөхөд зориулах 100 сая австрали долларын санхүүжилтийг баталсан нь сүүлийн 40 жилд ийм төрлийн ажилд олгоогүй хамгийн том санхүүжилт болсон юм.

Австрали болон Монгол Улс 1972 онд анх харилцаагаа тогтоосон хэдий ч яг ямар харилцаа тогтоосон нь тухайн үед тодорхойгүй байсан юм. Харин өнөөдөр энэ асуудал илүү тодорхой болж байна.

Албан ёсны солилцооны хөтөлбөр, тухайлбал, Австралийн Шагналын хөтөлбөрөөр 350 гаруй монгол Австралид суралцсан байна. Үүнээс гадна, Австралийн Олон улсын хөгжлийн төлөө сайн дурынхан хөтөлбөр, Шинэ Коломбо төлөвлөгөөнд Монгол хамрагдаж байна.

Мөн Австралийн 60 орчим компани Монголд үйл ажиллагаа явуулж байна. Австралийн 200 орчим жижиг, дунд аж ахуйн нэгж Өмнөговь аймаг дахь зэс, алтны “Оюутолгой” төсөлд үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Тус ордын сүүлд байгуулсан санхүүжилтийн гэрээ тус төслийн үр ашгийг улам бүр нэмэгдүүлэх юм.

Австрали-Монголын харилцааг бүр өргөн хүрээнд авч үзвэл, тус хоёр улс нийтлэг ашиг сонирхол ихтэй юм. Хоёулаа байгалийн  баялаг ихтэй, чөлөөт зах зээлтэй, ардчилсан орнууд. БНХАУ, ОХУ гэсэн хоёр том хөршөөсөө бусад оронтой харилцаагаа бэхжүүлэх зорилгоор Монгол Улс “Гуравдагч хөрш”-ийн бодлого явуулдаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суудал авах болон Ази-Европын дээд хэмжээний уулзалтын гишүүн орон болох гэсэн Австралийн саналыг Монгол дэмжсэн бол олон улсын санхүүгийн байгууллагууд болон АСЕАН бүс нутгийн форумд нэгдэх гэсэн Монголын чармайлтыг Австрали дэмжиж харилцан бие биедээ тусалсан байна.

Хоёр улс ийм найрсаг харилцаатай хэдий ч шийдэх ёстой олон асуудал Австралийн шинэ Элчин сайдад байна. Эдгээр асуудлын эн тэргүүнд “Оюутолгой” ордын асуудал орж байна. Тус ордын 34 хувийг Монголын Засгийн газар, 66 хувийг Англи-Австралийн “Рио-Тинто” бегемот буюу усны үхрийн охин “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг байна. Тус орд нь 2020 он гэхэд Монголын эдийн засгийн гуравны нэгийг дангаар бүрдүүлнэ гэж урьдчилан таамаглаж байсан боловч байгаль орчны нөлөө, зардлын хэтрэлт, татвартай холбоотой маргааны улмаас үйл ажиллагаа нь нэлээд хойшилсон билээ. Уул уурхайн засаглалын асуудал сонгуулийн жил буюу энэ оны улс төрийн онцлогийг тодотгох төлөвтэй байна.

Монголын эдийн засгийн төлөв Австралийн Элчин сайдын мөрийн хөтөлбөрт мөн оржээ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш буурснаар экспортынх 81 хувийг бүрдүүлэгч Монголын уул уурхайн салбар хүнд байдалд ороод байгаа билээ. Монголын төгрөгийн ханш огцом унаж, төсвийн зардлыг нөхөх зорилгоор хийсэн зээлийн улмаас тус улс өрийн дарамтад орох эрсдэл өндөр байна гэж Олон улсын валютын сан өнгөрсөн жил таамаглажээ. Үүний зэрэгцээ, зудын улмаас тус улсын олон сая мал хорогдож болзошгүйг анхааруулсан байна.

Албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд Австрали 2015-2016 онд Монголд тусгайлан 7.7 сая долларыг аль хэдийн хуваарилсан хэдий ч тус улс 2000 болон 2010 оных шиг нэмэлт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг Австралиас хүсэж магадгүй байна. Энэ тусламжийн мөнгийг хөшүүрэг маягаар ашиглах уриалгаас Жон Лэнгтри магадгүй татгалзах шаардлагатай юм. Олон улсын арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг Монголын Засгийн газар биелүүлэхээс татгалзсантай холбогдуулан Монголд үзүүлэх тусламжаа түр зогсоохыг Канадын “Khan Resources” компани  Засгийн газраасаа хүссэн байна. Мөн Америкийн уул уурхайн компанийн гүйцэтгэх захирлыг хорьсныг эсэргүүцэж, Монголд тусламж үзүүлэх тухай хэлэлцээг түр хойшлуулахыг АНУ-ын Худалдааны танхим 2015 онд уриалсан билээ.

Австралийн хилийн чанад дахь дипломат ажиллагаа харьцангуй буурсан энэ үеийг зогсооход шинэ Элчин сайдын яам нааштай нөлөө үзүүлж байна. Монголын ирээдүй Австралийн аж үйлдвэртэй салшгүй холбоотой болохыг “Оюутолгой” ордын өргөтгөлийн ажил харуулж буй. Хоёр орны ашиг сонирхолд нийцсэн харилцааг бий болгоход ухаалаг дипломат ажиллагаа хэрэгтэй гэж Австралийн Санхүүгийн судалгааны төвийн судалгааны ажилтан Мартин Фү бичжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ