Г.Баатарнум: “Цэнхэр дуулгатны жимээр” баримтат кино дэлгэцэнд гарахад бэлэн болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-21 23:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 29-нд "Энхийг сахиулагчдын өдөр" тохионо. Энэ өдрийг тохиолдуулан,  Иракийн Энхийг сахиулах ажиллагаанд оролцож явсан, бэлтгэл дэд хурандаа, “Соёмбо” сонины ахмад сэтгүүлч, МЗЭ, МСНЭ-ийн шагналт Гомбын Баатарнумтай цэргийн сэтгүүлчийн уран бүтээлийн талаар хөөрөлдлөө.

-   Монголын шилдэг цэргийн алба хаагчид дэлхийн энхийг сахиулах албанд 2003 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ үеэс л цэргийн сонинд ажилладаг сэтгүүлч офицеруудаас энхийн фронтод очиж ажилласан. Хэн хэн анх явсан билээ?  

-  2003 онд Иракийн нэгдүгээр ээлжийн цэргийн багийн хэвлэлийн төлөөлөгчөөр “Соёмбо” сонины сурвалжлагч, ахмад цолтой, яруу найрагч Ц.Төрмөнх анх удаа галын халуун цэгт очсон. Тэнд очоод олон улсын цэргийн сэргээн босгох ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийн сацуу, Монголын цэргийн албан хаагчдын тухай, дайны дараах сэргээн босголтын мэдээ, мэдээллийг дамжуулж байсан. Яруу найрагч хүний хувьд, олон шүлэг бичиж, өөрийнхөө шүлгийн номонд хэвлүүлж байсан. Энэ нь ч Монголын цэрэг дайчдад үлгэр жишээ болж, цэргийн сэтгүүлчдээс цаашид дэлхийн галын шугаманд томилолтоор ажиллах гарааг нээсэн. Түүнээс хойш Иракийн энхийг сахиулах ажиллагааны хоёрдугаар ээлжинд яруу найрагч, ЗХЖШ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын албаны байцаагч, дэд хурандаа С.Зоригтбаатар, дөрөвдүгээр ээлжинд одоогийн "Соёмбо" сонины эрхлэгч, хурандаа Б.Отгонбаяр, Сьерра Леонд "Соёмбо" сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, бэлтгэл дэд хурандаа П.Батнайрамдал, мөн өмнөд Суданд  "Үнэн" сонины сурвалжлагч асан, дэслэгч А.Алтанхуяг, эмэгтэй сэтгүүлч, ахмад Д.Мэндбаяр, хошууч Д.Оюунгэрэл болон "Соёмбо" сонины сурвалжлагч, ахлах дэслэгч М.Мөнхзориг, ахлагч, гэрэл зургийн сурвалжлагч  Г.Бат-Эрдэнэ нарын сэтгүүлч, зохиолчид дэлхийн энхийг сахиулах албанд үүрэг гүйцэтгэн үзгээ буугаар сольж, үгийн цэцээр бүтээлээ туурвисаар байна. 



     Та бас томилогдсон. Найраглал бичээд ирж байсныг санаж байна?

-  Аа тийм. Анхны энхийг сахиулагчид буюу “Иракийн эрх чөлөө” олон улсын цэргийн ажиллагаанд мордохын өмнөхөн МУУГЗ Т.Насанбуянтай “Энхийн үйлсэд цэргүүд” дууны эхний бадгаа хийж байсан.

...Эзэн Чингисийн хийморьтой

Эрэлхэг Монголын хөвгүүд

Элгэн халуун сэтгэлээрээ

Эх орноосоо мордлоо...гээд дахилт нь 

“Миний Монголын цэргүүд

Морьтойгоо дэлхийг туулсан юм

Миний Монголын цэргүүд

Энхийг үйлсийг зорьсон юм" гэж дахилт нэмсэн. Одоо энэ дуу цэргийн ангиудын заавал дуулах 10 дууны жагсаалтад орсон байна билээ. Ардын жүжигчин, МУУГЗ хөгжмийн зохиолч Д.Хаянхярваа нарын урлагийн мастерууд цэргийн сүлд дуу болгооч гэж санал дэвшүүлсэнд нь баярладаг юм.

Миний хувьд, 2004 онд “Иракийн эрх чөлөө” цэргийн ажиллагааны гуравдугаар ээлжийн багт цэргийн хэвлэлийн төлөөлөгчөөр явсан. Бүтэн 7 сарын хугацаанд Иракийн дайны дараах сэргээн босгох ажиллагааны аюулгүй байдлыг хангахад монгол цэргүүд үүрэг гүйцэтгэсэн. Монгол цэргийн алба хаасан цэг нь бол Иракийн олон үндэстний дивизийн Чарли бааз байв. Энэ баазад дэлхийн АНУ, Польш, Украин зэрэг 10 гаруй орны цэрэг алба хааж байсан. Цэргийн сэтгүүлчийн хувьд, долоо хоног тутамд сэтгүүл зүйн бүх төрлөөр мэдээ, нийтлэл бичиж байсан. Алба хааж ирээд “Иракаас бичсэн тэмдэглэл”  сэтгүүл зүйн ном бичсэн. Энэ номыг МУСГЗ, сэтгүүл зүй судлаач Т.Баасансүрэн гуай үнэлж урам өгсөн. Мөн “Иракт өнгөрөөсөн 190 хоног” баримтат найраглал бичиж ирсэн. Энэ найраглалыг Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав редакторласан. Номын өмнөтгөлд,“1930-аад онд их найрагч Д.Нацагдорж “Улаанбаатараас Берлин хүртэл” шүлэглэсэн тэмдэглэл буюу найраглал бичиж билээ. Тэгвэл энэхүү төрлийн үргэлжлэл болгож Г.Баатарнум “Иракт өнгөрүүлсэн 190 хоног” баримтат найраглал бичсэн нь “Суусан цэцнээс явсан бадарчин” гэдэг шиг олзоо олонтойгоо хуваажээ. Сургаар сонссоноос нүдээр үзсэн нь ондоон. Урьд яруу найрагч Зундуйн Дорж Афганистан явж ирээд “Душманд буудуулсан нь” шүлэг бичээд шуугиулж байсанчлан Г.Баатарнумын найраглал бодит ахуйн зураглалаас ургуулж баримтат найраглал бичсэн байна” гэж Ш.Сүрэнжав гуайн бичсэнээр номоо чимж байлаа.

-Баримтат кино бас бүтээсэн гэсэн?

- Энхийг сахиулагчдын 10 жилийн ойгоор БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэгээр, найруулагч С.Болдын найруулснаар “Иракт өнгөрүүлсэн 190 хоног” баримтат кино бүтээсэн. Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залуусыг цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэхэд хувь нэмэр болгох зорилготой бүтээл л дээ. Саяхан “Цэнхэр дуулгатны жимээр” баримтат киног маань ЗХЖШ-аас албан ёсоор баталж, дэлгэцэнд гаргахад бэлэн болоод байна.


-  Танд кино дэлгэцийн  өөр бүтээл бас бий дээ?

- 2000 онд “Үст Самдан” өгүүллэгээр найруулагч Д.Баярсайхан “Алмастай нөхөцсөн нь” уран сайхны кино бүтээсэн. Киног МУГЖ С.Сэлэнгэ ивээн тэтгэсэн. Өөрийн төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ёлтын ам гэдэг үзэсгэлэнт газарт киноны зургийг авч, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчид тоглож байлаа. Гол дүрд МУГЖ Д.Цэрэндарьжав, МУГЖ С.Сэлэнгэ, МУСТА, жүжигчин Д.Сүхбаатар /”Ацаг шүдний зөрөө” киноны/, МУСТА залуу жүжигчин Т.Өөдөө, жүжигчин Д.Цэцэгмаа нар тоглосон. 

- Харин шинэ бүтээл юу байна?

- Бүтээл их арвин байна. “Энхийн үйлсэд монгол цэргүүд” дууныхаа хариу дуу болгож энхийг сахиулагчдын гэргий нарт зориулсан “Төрийн сүлдтэй хань минь” дууг 2013 онд бүтээсэн. Ийм хос дуутай болсон. Мөн 100 настай, цэргийн ахмад сэтгүүлч, “Улаан од” сонины эрхлэгчээр олон жил ажилласан, Ж.Цэвээний нэрэмжит шагналт Ж.Ядмаа гуайдаа зориулан “Ядмаа хурандаа” дууг Ардын жүжигчин П.Хаянхярваагийн аяар бүтээв.

“Саран ээж” нийгэмлэгийн 25 жилийн ойд зориулан “Саран ээжийн дуулал” дууг хөгжмийн зохиолч, МУСТА Ц.Эрдэнээтэй хамтран бүтээлээ.

Хүүхдэд зориулсан “Үнэг туулайн үерхэл” хошин өгүүллэгийн номоо хэвлүүлчихлээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ