В.Энхболд: ХАА-н бүтээгдэхүүнээ гаргах “Монгол экспорт” хөтөлбөр хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-21 13:59:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ, Монголбанк хамтран өнөөдөр “Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал, сорилтууд” сэдэвт хэлэлцүүлгийг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

Манай улсад суугаа ЭСЯ, олон улсын байгууллагын тэргүүн, судлаач, эдийн засагчид, төрийн болон хувийн хэвшлийн 120 гаруй төлөөлөл оролцсон хэлэлцүүлгээр эдийн засагт, ялангуяа гадаад худалдаан дээр уул уурхайн салбараас хамаарч буй байдлыг бууруулах, экспортыг төрөлжүүлэх талаар олон талт харилцааг ашиглах боломжууд байгааг хөндөж байв. Энэ талаар ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболдтой уулзаж тодрууллаа.  

-Өнөөдөр манай улсын гадаад худалдаанд учирч буй хүндрэл, тулгарч буй сорилтууд юу байна вэ?

-Нэгд, манай улс далайд гарцгүй орны хувьд гадаад худалдаанд тээвэр, ложистикийн зардал их гарч байна. Хоёрт, манай улс цөөн зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргаж байна. Эцэст нь, гадаадад гаргаж буй бараа, бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг олшруулж, чанарыг сайжруулах хэрэгтэй байна.

-Дээрх сорилтуудыг даван гарахад юу хийх вэ, ямар шийд, гарц байна вэ?

-Эдийн засгийн салбаруудыг төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлэх явдал чухал юм. Гадаад худалдаанд Засгийн газар ийм бодлого барьж, өнгөрсөн онд “Монгол экспорт” хөтөлбөр батлаад хэрэгжүүлээд явж байна. Гадаад худалдаа 13 тэрбум ам.долларт хүрч, үүний долоон тэрбумыг экспорт эзэлж байна. Гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Нийт экспортын 80 гаруй хувийг эрдэс баялгийн буюу уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Үлдэх 11 хувь нь уул уурхайн бус салбарынх.

Тоо хэмжээний хувьд, бага байгаа боловч 2017 оныхтой харьцуулахад уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 18 хувиар өссөн. Тодруулж хэлбэл, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт тухайн онд 670 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 800 сая ам.долларт хүрээд байна. Үүний 410 сая нь ноос ноолууран бүтээгдэхүүн, түүн дээр сүүлийн жилүүдэд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, мөн органик хүнсний бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна.

Дотооддоо бид үйлдвэрлэл эрхлэгчдээ гадаад зах зээлд гарах нөхцөлийг сайжруулж, гадаад худалдааг хөнгөвчлөх, хил, гаалийн үйлчилгээг түргэн шуурхай, нээлтэй болгож худалдааны зардлыг бууруулахыг зорин ажиллаж байна.

-Өмнө нь манай улс АНУ руу, одоо Европын холбоо болон Япон улс руу бараа бүтээгдэхүүнээ татваргүй гаргах боломж бий. Эдгээрийг бид хэр ашиглаж байна, өнөөдөр манай улсад ямар боломжууд байна вэ?

-Европ руу 7200 бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй гаргах боломж бий. Хэдий бид сэтгэл гаргаад ажиллалаа ч цаад зах зээлийн нөхцөл байдал, бодлогоос хамаардаг тал бас бий. Хамгийн сүүлд гэхэд, манай улс Японтой 2015 онд Чөлөөт худалдааны анхны хэлэлцээрийг байгуулсан. Тухайн жил манай гадаад худалдаа 300 сая ам.доллар байсан бол 2018 онд 600 сая ам.доллар болж хоёр дахин нэмэгдээд байна. Энэ тооноос бидний хийж буй яриа хэлэлцээр үр дүнгээ өгч байгааг харж болно. Одоо бид БНСУ-ын зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ гаргах талаар, ялангуяа ХАА-н бараа, бүтээгдэхүүн гаргах талаар тус улсын талтай хамтран судалж байна.


Судалгаа дуусангуут худалдааны яриа хэлэлцээр хийж эхэлнэ. Гадаад худалдаанд одоо бидний хамгийн их анхаарч буй зүйл бол хойд хөрш ОХУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ эргэж гаргах явдал болж байна. Энэ тал дээр Евроазийн эдийн засгийн холбоотой хамтран чөлөөт худалдааны хүрээнд судалгаа эхлэхээр ярьж хэлэлцэж байна.

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ