“Улаанбаатар марафон”-д 30 мянган хүн оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамж болон Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс оролцов.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг нээж, хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ, “Улаанбаатар марафон” нь жилээс жилд, зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж, оролцогч тамирчид, сонирхогчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа төдийгүй олон улсын болон нийслэлийн иргэд, оршин суугчид, орон нутгийн гүйгчдийн хүсэн хүлээж оролцдог томоохон тэмцээн болж чадсанд баяртай байна. Техник технологийн хөгжлийг даган бид хөдөлгөөний хомсдолд орох нь нэмэгдэж, автомашин, гар утасны хэрэглээг дагалдан алхах, гүйх, бие бялдраа хөгжүүлэх боломж улам бүр хязгаарлагдмал болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан иргэд оршин суугчиддаа нэг өдөр ч гэсэн автомашинаа орхиж, алхаж, дугуй унан, гүйлтийн тэмцээнд оролцох боломжийг олгодог болсон. Энэ жилийн хувьд, Монгол Улсын нийслэлийг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм. Бүтэн, хагас марафонд мэргэжлийн гүйлтийн тамирчид оролцохоос гадна иргэд гүйгчдэд зориулан эрүүл мэндийн гүйлт, гэр бүлийн гүйлт, хүүхдийн насны ангиллыг нэмж оруулсан” хэмээв.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй хүн оролцож байна.
Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо энэхүү гүйлтэд
оролцох гадаадын оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, оролцох хуваарь, зам маршруттай танилцуулах, гарааны талбайд хүргэх, энгэрийн
дугаар, футболк, малгай, уут, чип зэргийг хариуцжээ.
Нийслэлийн Нийтийн биеийн тамир спортын холбоо, Монголын хэт
холын марафон гүйлтийн холбоо хамтран олон улсын гүйлтийн тэмцээнд ажиллах
шүүгч нарт зориулан сургалтыг зохион байгуулсан бөгөөд 150 гаруй зэрэглэлтэй
шүүгч, 500 орчим оюутан сайн дураар ажиллаж байгаа аж.