Шатрын Гран-при тэмцээн Москвад эхэллээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-17 13:21:31

МОСКВА./ТАСС/.Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ Гран-при цуврал тэмцээний эхний үе шат Москва хотноо өнөөдөр эхэллээ.


Тэмцээн 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ оны хувьд нийт 4 үе шаттайгаар Москвад 5 дугаар сарын 16-29-нд, Рига хотод 6 дугаар сарын 11-нд, Хамбургт 11 дүгээр сарын 4-18-нд, Тель-Авивт 12 дугаар сарын 10-24-нд тус тус болох юм.  


Дөрвөн үе шаттай тэмцээний нийлбэр дүнгээр шилдгээр тодорсон хоёр их мастер дахин нэг тэмцээнд оролцох, мөн цаашдаа одоогийн дэлхийн аварга, Норвегийн шатарчин Магнус Карлсентэй дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхийг олж авна.


Москва дахь М.М.Ботвинникийн нэрэмжит Шатрын Төв ордонд болж буй уг тэмцээнд Оросын 7 шатарчнаас гадна гадаадын 9 тамирчин оролцож байна. Тэдний дотор Оросын Ян Непомнящий, Сергей Карякин, Даниил Дубов, Холландын Аниш Гири, Азербайжаны Шахрияр Мамедьяров, Армений Левон Аронян, АНУ-ын Хикару Накамура, Хятадын Вэй И нарын шилдгүүд бий.  


Москва бол Гран-при тэмцээнийг зохион байгуулах талаар туршлагатай хот бөгөөд 2017 оны тэмцээнд Хятадын их мастер Дин Лижэнь түрүүлж байв.


Энэ удаагийн тэмцээний шагналын сан нь 130 мянган евро ажээ. 

Холбоотой мэдээ