Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-15 18:51:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хоёр хуулийн төслийг хэлэлцлээ.


Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн сарын 30-нд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өнгөрсөн сарын 29-нд мөн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд буй юм.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг Монгол Улсын сайд, ЗГХГД Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Уг хуулийг төрийн албаны хүнд суртлыг багасгах, аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зорилгоор боловсруулсан байна. Хуулийн төсөлд зөвшөөрөл, түүний ангилал, бүртгэл, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон зөвшөөрөл эзэмшигчид тавих нийтлэг шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох үндэслэлийг нарийвчлан тусгасан байна.


Харин УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд, Монгол Улсад эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэл, төрлийг нарийвчлан заажээ. Мөн зөвшөөрөл олгох, сунгах ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах зохицуулалт тусгасан байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.


Дээрх хоёр хуулийн төслийн үзэл баримтлалын 70 хувь нийцэж байгаа тул байнгын хороо, чуулганы хуралдааны үед нэгтгэх боломжтойг Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь хоёр хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ