Буруу шийдвэрийн улмаас улсад жил бүр 1 тэрбум төгрөгийн хохирол учирч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-15 18:03:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2018 оны ажлын тайланг сонслоо.


Тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулав. Улсын хэмжээнд 193 мянга 557 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 1.8 хувь улс төрийн, 9.8 хувь нь төрийн захиргааны, 19.7 хувь нь төрийн тусгай, 68.7 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байгаа юм. Энэ нь 2017 оны байдлаас 0.55 хувь буюу 1082 албан хаагчаар өссөн үзүүлэлт аж. Төрийн албаны зөвлөлөөс удирдах ажилтны үүрэг, манлайллын талаарх олон улсын туршлагаас суралцах, өөрийн орны хөгжлийн зорилт, стратегиа тодорхойлох зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд төрийн, төрийн албан хаагчдын ажил, тэдгээртэй холбогдсон олон талт харилцааг шинээр зохицуулах шаардлага үүсжээ. Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхийлөгч 3, Улсын Их Хурал 9, Засгийн газар 23, Төрийн албаны зөвлөл 12 дүрэм, журам батлах шаардлагатай юм. Үүнээс УИХ 7, Засгийн газар 19 дүрэм, журам батлан Төрийн албаны тухай хууль бүрэн хэрэгжих үндэс тавигдсан гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцлов.


Тус зөвлөл Төрийн байгууллага, төрийн албан хаагчийн ажил, мэргэшлийн түвшинг үнэлэх улсын үзлэгийг өнгөрсөн онд Засгийн газартай хамтран анх удаа зохион байгуулжээ. Уг үзлэгт 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүргийн 44 мянга 576 төрийн жинхэнэ албан хаагчийг хамруулсан байна. Мөн онд Төрийн албаны зөвлөлд 26 байгууллагаас удирдах албан тушаалын 42 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын захиалга ирүүлсний дагуу шалгалт зохион байгуулжээ. Шалгалтад 96 иргэн бүртгүүлснээс 80 нь тэнцсэн бөгөөд хамгийн өндөр оноотойг нь удирдах ажилтнаар авах, бусад хүмүүсийг хүний нөөцөд бүртгэх ажлыг зохион байгуулжээ.


Төрийн албаны зөвлөл 2018 онд иргэн, төрийн албан хаагчдын нийт 505 өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлын 145 нь ажлаас халсан, ажилд томилоогүй, бүтцийн өөрчлөлттэй, 210 нь сонгон шалгаруулалт, түүнээс үүдсэн томилгоотой, 96 нь ёс зүй, сахилгын шийтгэлтэй холбоотой асуудал байжээ. 2016-2018 онд шүүхээс Төрийн албаны тухай хууль зөрчин ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлснийг тогтоосон 1037 шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд үндэслэлгүй ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн хүмүүст 4 тэрбум 690 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох бөгөөд одоогоор 3 тэрбумыг нь олгожээ. Үүнээс үзэхэд төрийн удирдах албан тушаалтны буруу шийдвэрээс болж улсын төсөвт жил бүр дунджаар 1 тэрбум төгрөгийн хохирол учирч байна гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга дурдлаа.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Н.Энхболд, Н.Амарзаяа, Д.Лүндээжанцан нар үг хэллээ. Гишүүд төрийн албаны үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах, нэр хүндийг сэргээх, төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, шатлан дэвших зарчимд суурилсан тогтвортой, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолж байв.

Холбоотой мэдээ