Майкл Вайсс “Германы хөлбөмбөгийн шилдэг элч төлөөлөгч” шагналд нэр дэвшжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-15 10:44:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс, "Ливерпүүл"-ийн босс Юргэн Клоппын хамтаар гадаад улсад ажиллаж буй “Германы хөлбөмбөгийн шилдэг элч төлөөлөгч” шагналд нэр дэвшсэн байна.


Энэхүү хүндтэй шагналд нэр дэвшээд байгаа Герман улсын иргэн, хөлбөмбөгийн шилдэг мэргэжилтэн Ханс Майкл Вайссыг Монголын хөл бөмбөгийн шигшээ баг дасгалжуулагч ажиллуулахаар Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ нь 2017 оны гуравдугаар сард нэг жилийн гэрээ байгуулж байсан билээ. МХБХ, хөлбөмбөгийн дасгалжуулагчдын хамгийн өндөр зэрэглэл болох “UEFA PRO” ангилалтай Ханс Майкл Вайссыг гадаадын мэргэжилтнүүдээс ур чадвар, Ази тивд ажилласан туршлагыг нь харгалзан сонгосон нь сүүлийн жилүүдэд манай баг тамирчдын амжилт баталж байна. Тиймээс ч нэг жилийн гэрээг сунган өнөөдрийг хүртэл манай эрэгтэй шигшээ багийг дасгалжуулж байгаа юм.



Майкл Вайсс 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Филиппин улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж 2013 он гэхэд чансааны 127-д хүргэсэн амжилт үзүүлжээ. Тэрбээр Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бурунди улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы “J league”, Румын улсын нэгдүгээр лигийн багийн ахлах дасгалжуулагчаар тус тус ажилласан туршлагатай дасгалжуулагч юм.


Майкл Вайсс манай бүх насны ангилал дахь шигшээ багуудын өмнө тулгамдсан асуудалд гарц олох зорилгоор дасгалжуулагчдын боловсролд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн шигшээ багийн дасгалжуулагчдын албыг удирддаг.


Тэрбээр, энэ өдрүүдэд хөлбөмбөгийн 22 дахь удаагийн ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Бруней улсын үндэсний шигшээ багтай зургадугаар сарын 6-нд Улаанбаатар хотноо, харин зургадугаар сарын 11-нд Бруней улсад тоглох Монголын үндэсний эрэгтэй шигшээ баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг удирдан дасгалжуулж байгаа юм.

Холбоотой мэдээ